Бүх нийтийн бэлэн зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц багасахад нөлөөлжээ. Тиймээс тус төвийн захирал, Анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяраас нөхцөл байдал ямар байгааг тодруулав.
-“Ковид-19”-ийн тархалтын улмаас хатуу хөл хорио тогтоосон. Энэ цусны нөөц багасахад нөлөөлөв үү?
-Тиймээ, уг нөхцөл байдлын улмаас цусны нөөц багасчихаад байна. Энгийн өдрүүдэд өдөрт 150 гаруй донор манай төвд ирж цусаа өгдөг байлаа. Хорио хорио тогтоосноос хойш цусаа өгөх хүний тоо багассан. Тиймээс бид эхний өдрүүдэд доноруудыг машинаар очиж аваад, буцаагаад хүргэж өгч байсан. Улмаар төлөвлөгөөндөө яаралтай өөрчлөлт оруулж, донорууд руу нэг бүрчлэн утастаж, и-мэйл хаяг руу нь урилга явуулж цусаа өгөхийг уриаллаа. Үүний тулд УОК, НОК-т хүсэлт гаргаж, и-мэйлээр урилга авсан хүмүүсийг саадгүй явуулах үүргийг цагдаа нарт өгүүлсэн. Тиймээс донорууд өөрсдөө манайд ирэх боломжтой болсон. Үүний хүчинд өдөрт 30-40 хүн ирж цусаа өгч байна. Бага багаар өссөөр одоо өдөрт 60 донор ирж байгаа. Бид хэдийгээр халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөж байгаа ч өдгөө манай явуулын багийг хүлээж авах байгууллага алга.
-Одоо хэд хоногийн цусны нөөцтэй үлдсэн бэ?
-Цусны нөөц багассан ч эмнэлгүүдийн захиалга буурахгүй байна. Эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна гэсэн үг. Өнгөрсөн өдрүүдэд III бүлгийн цусны захиалга нэлээд ирсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхэд III бүлгийн цус хэрэгтэй боллоо гэж бодъё. Гэхдээ энэ бүлгийн цустай 100 донор цусаа өгсөн ч нэгнийх нь л элэгний мэс засалд орж буй өгч, авч байгаа хоёрт таарна гэсэн үг. Мөн элгээ өгөх, авах хоёр хүнээс ганц цусны бус, өөр олон нарийн шинжилгээг авдаг. Одоогоор улаан эсийн долоо хоногийн нөөц л үлдсэн. Улаан эс гэдэг удаан хадгалдаг зүйл биш. Ихдээ 42 хоног хадгалдаг юм. Тиймээс улаан эсийн нөөц багассан. Сийвэнгийн нөөц гайгүй, эмнэлгүүдийн нэг жилийн хэрэгцээг хангачихна. Ялтаст эсийн нөөц бүрдүүлэхэд хүндрэл гарч буй. Гол хүндрэл эмнэлгүүд мэс засал хийх үед гарч байна. Ер нь 2019 онтой харьцуулахад энэ онд цусны хэрэгцээ найман хувиар өссөн.
-Их, дээд сургууль карантилж, оюутнууд хөдөө явчихсан нь цусны нөөц багасахад нөлөөлсөн үү?
-Бидний зорилтот бүлэг бол оюутнууд. Өөрөөр хэлбэл, 17-35 насны 45-аас дээш жинтэй иргэд голчлон донор болдог. Энэ жил их, дээд сургуулиуд үндсэндээ хичээллэсэнгүй. Тиймээс бид бүтэн жилийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, явуулын баг ажиллуулан өдөр бүр албан байгууллагад ажиллаж, цус цуглуулдаг байсан. Үүний хүчинд өнгөрсөн өдрүүдэд эмнэлгүүдийн захиалгыг таслалгүй цус ханган нийлүүллээ. Өнөөдрийн байдлаар ЦССҮТ-ийн харьяа Сүхбаатар болон Баянзүрх төв ажиллаж, доноруудаас цус авч буй. Дүнжингарав худалдааны төв хаагдсан. Тэндхийн нэг цэгийн үйлчилгээний төвд манай салбар байсан юм. Тэр салбар одоогоор ажиллахгүй байгаа. Хөл хорио энэ хэвээрээ удаан үргэлжилбэл нөөц дуусаж, хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Мөн иргэдэд хандаж хэлэхэд манай төв эрүүл донороос цус авдаг. Дээрээс нь халдвар хамгааллын дүрмээ маш сайн мөрддөг. Тиймээс ирж цусаа өгөх донорууд айх хэрэггүй. Хүний биед 7-8 литр цус эргэлдэж байдаг. Нэг хүнээс авсан 350-400 гр цус гурван хүний амийг аварна. Эрүүл хүний цус 48 цагийн дотор л төлжчихнө. Бид ирсэн доноруудын гарыг ариутгаж, ам, хамрын хаалт, бээлийгээр хангадаг. Улмаар хоорондын 1.5 метрийн зайг ягштал баримталж буй. Ямар нэг халдвар авна гэж айх хэрэггүй гэж зөвлөе. Тиймээс зөвхөн донор гэлтгүй бусад эрүүл иргэд маань манай төвийн 9498-2857 утас руу залгаад урилга авч болно.