Иргэд, олны танил хүмүүс хүртэл коронавирусийг энгийн ханиад, томуу мэтээр сурталчилж, нийтийг турхирч байгаа нь өнөө цагт байж боломгүй үйлдэл гэдгийг дэлхий дахин харуулсаар байна. Гурван сая гаруйхан хүн амтай, цөөхөн монголчууд өөрсдийгөө олон зуун сая иргэнтэй улс орнуудтай харьцуулшгүй. Тиймээс нэг ч хүний амь нас маш үнэтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөө, маргаашдаа ажилтай, идэх хоолтой байх, эсэх, хөл хорионд “хүлүүлсэндээ” гомдоллохоос илүүтэй эрүүл саруул амьдрах нь нэн чухал. “Ковид-19”-ийг дэлхийн эрдэмтэд хараахан бүрэн таниагүй. Гэхдээ өвчлөөд эдгэрсний дараа ген, удамшилд илрэх хор уршиг нь аюултай байж болзошгүй хэмээн анхааруулж буй нь уг өвчнийг аль болох тусахгүй байхыг сануулсан дохио. Коронавирусийн гинжин хэлхээнд хүн төрөлхтний ялаагүй ХДХВ/ДОХ-ын нэгэн төрөл зүйл, бүтэц байгаа нь эхний ээлжид тодорхой болсон. Энэ нь “Ковид-19”-ийг жирийн ханиадтай адилтгах аргагүйн наад захын жишээ. Түүнчлэн шинэ вирус бие организмд нэвтэрмэгцээ нэн тэргүүнд цусыг бүлэгнүүлж, аажмаар уушги, зүрх, судас, бусад цуллаг эрхтнийг гэмтээн, тэр дундаа өндөр настан, архаг, хууч эмгэгтэй хүмүүст хүнд тусаж буйг олон улсад хэдийн тогтоосон. Гэтэл монголчууд өнөөдөр цар тахлыг улстөржүүлж, бурууг бусдаас хайх тэнхээтэй байгаагаа ухаарахгүй нь харамсалтай.
Саяхнаас нийгмээрээ коронавирусийн эмчилгээний удирдамж, тактик, зардлыг “ил гарга” гэж эрүүл мэндийн салбарынхан руу дайрах болсон. Яг үнэндээ иргэдэд эмчилгээний арга барил, санхүүжилтийг мэдэх гэхээсээ халдвараас өөрсдийгөө хамгаалж, мэргэжлийнхний заавар, зөвлөмжийг дагах нь чухал баймаар. Дэлхийд ч 100 хувийн үр дүнтэй эм, тариа, вакцин хараахан гараагүй тул улс орнууд өөр өөрсдийн хүчин чадал, арга барилаар “Ковид-19”-ийг эмчилж байгаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өвчтөнүүдэд вирусийн эсрэг болон дархлаа дэмжих, шинж тэмдэг дарах эмчилгээ хийж буйгаа мэдээлсэн. Архаг, хууч эмгэгтэйд нь үүн дээр нэмээд тухайн өвчнийх нь эсрэг эмчилгээг хийж байгаа аж. Олон улсад хэрэглэж буй, коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй нь тогтоогдсон эмүүдийг ч манай улс хэрэглэж байгаа юм билээ.
ХӨСҮТ-ийнхөн коронавирусээр өвчилсөн нэг хүнд зарцуулж буй эмчилгээний болон бусад зардлыг нарийвчлан гаргажээ. Ингэхдээ ДЭМБ-аар шалгуулж, баталгаажуулан, нийтэд мэдээлэх үүргийнхээ дагуу ажилласан гэнэ. Тодруулбал, дунджаар 27.5 хоног хэвтэн эмчлүүлсэн хөнгөн өвчтөнүүдэд 6 962 164 төгрөг зарцуулсан байна. Харин дунд зэргийнхэд 11.6 саяыг зарцуулж байгаа аж. Үүнд эмч, ажилтнуудын цалин, урамшуулал, хоол, эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл, PCR оношилгооны урвалжууд, цус, шээсний ерөнхий шинжилгээ, цусны бүлэгнэлт, биохими, дүрс оношилгоо, цахилгаан, халаалт, хог хаягдал, ариутгалын бодис, тээврийн зардал багтжээ. Тэгвэл хүнд зэргийн буюу хавсарсан эмгэг, хуучтай өвчтөнүүд дунджаар 32 хоног хэвтэн эмчлүүлсэн бөгөөд нэг хүнд 12 598 630 төгрөг зарцуулж байгааг албаныхан хэллээ. ХӨСҮТ-ийнхөн “Ковид-19”-тэй өвчтөнүүдийн эмчилгээний болон бусад зардлыг тооцохдоо 200 гаруй хүний хэвтэн эмчлүүлсэн түүхийг судалжээ. Нэг өвчтөнд 5-6 эмч, эмнэлгийн ажилтан үйлчлэхээс гадна сувилагч, лаборант зэрэг багтаж байна. Мөн эмчилгээний багийн нэг хүн хувийн хамгаалах хэрэгслийг өдөрт 2-3 удаа сольдог гэхчлэн зардал маш их гарч байгааг ч тэд хэлсэн. Хүн амын дунд халдвар тархах хүртэл буюу зөөвөрлөгдсөн тохиолдлуудын эмчилгээний зардал ийм байна. Харин дотоодын халдварын үед баримтлах эмчилгээний удирдамжид бага зэрэг өөрчлөлт оруулсан талаар баттай эх сурвалж хэлэв. Эмчилгээний удирдамж, зардлыг ДЭМБ-аар баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлэх гэнэ.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-тэй нэг хүнийг эмчлэхэд дунджаар 3600-4000 ам.доллар зарцуулжээ. Олон улсын жишгийг харвал эл зардал 17 000 ам.доллароос эхэлж байна. Тэглээ гээд манайх ДЭМБ-ын зөвлөмжөөс ангид, муу эмчилгээ хийж буй гэсэн үг биш. Өнөөдөр бид нэг ч иргэнээ коронавирусээр алдаагүй нь үүнийг харуулах биз ээ. Гэвч нийгмийн олонх нь “Өвчтөнүүдэд С, Д аминдэм уулгах төдийхнөөр дундаас нь мөнгө завшиж байна” хэмээн мэдэмхийрэх. Үнэхээр ганц, хоёрхон аминдэм уугаад эдгэрчихдэг өвчин байсан юм бол улс орнууд ингэтлээ барьц алдах байсан гэж үү.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп коронавирусийн халдвар аваад 750 000 ам.долларын эмчилгээ хийлгүүлснийг олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн. Судалгаагаар “Ковид-19”-ийг эмчлэхэд өвчтөний нас ихэд чухал аж. Залуус дархлаа харьцангуй сайтай, илаарьших нь хурдан бол өндөр настнууд дунджаар 40-60 хоног эмнэлэгт хэвтэж, тэр хэрээр зардал нь нэмэгдэж буй юм байна. Тухайлбал, 51-60 насныхны эмчилгээнд дунджаар 45 000 ам.доллар зарцуулж байгаа бол 23-30 насныханд уг өртөг 34 000 “ногоон” болж буурчээ. Эрүүл мэндийн даатгалтай иргэд шинэ вирусийн эмчилгээнд арай бага мөнгө төлж буй бол даатгалгүй нь “модоо барих”-даа тулсныг олон улсад жишээ болгон мэдээлж байна. Тэгвэл Монголд даатгалтай, үгүйгээс үл хамаараад өвчилсөн хүн бүрийг үнэ төлбөргүй эмчилж байгааг бодох л асуудал.
Коронавирусийн талаарх албан ёсны мэдээлэл манай улсад ирснээс хойш мэргэжлийнхэн уг халдвараас сэргийлэх зөвлөмж, мэдээллийг ард иргэдэд тогтмол хүргэж ирсэн. Үүний хүчинд бид амны хаалт зүүж, гараа угааж хэвшсэн. Дэлхий үймж байхад бид жил шахам тайван байв. ДЭМБ саяхныг хүртэл монголчуудын эв нэгдэл, урьдчилан сэргийлэх эрт үеийн арга хэмжээг сайшаасан. Тиймээс нийтээрээ “Ковид-19”-ийн эмчилгээнд тэгтлээ санаа зовж, өөр зуураа хагаралдан, ус үзээгүй байж хормой шууж болохгүй байх. Хөл хорионы хатуу дэглэм халдварт өвчний тархалтыг 60-80 хувь бууруулдгийг судалгаагаар тогтоосон.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Гэрэлмаа “Хүн амын ганцхан хувьд коронавирусийн халдвар тархвал 32 385 иргэн өвчилж, 6768 нь хүндэрч, 1295 нь нас барах эрсдэлтэй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй. Ядаж эмч, эмнэлгийн ажилтнуудад дарамт учруулахгүйгээр тэднийг ажлаа тайван хийх боломжийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагууд бүрдүүлье. Харин иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүн, гараа угааж, хүн хоорондын зай барьснаар улсдаа маш их хөрөнгө оруулж болохыг өвчтөнүүдэд зарцуулж байгаа мөнгөн дүн гэрчилнэ.
Гэртээ нөөцөлсөн хүнсээ идэж баралгүй нас барсан жишээ дэлхийд олон. Муугаар бодоход, халдварын хүрээ одоогийнхоос тэллээ гэхэд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Төв эмнэлгүүдэд ашиглаж буй 5000 ор хаанаа ч хүрэлцэхгүй. Асаргаа, сувилгаа хийх өрхийн эмч нар ч олдохоо болино гээд төсөөлөөд үз дээ. Танд хэвтэн эмчлүүлэх ор олдлоо ч эм, тариа байхгүй, дархлаанд тань найдаад л “хаяна”. Чадалтай, мөнгөтэй нь амьсгалын аппаратад орж, жирийн иргэд эмнэлгийн гадна амьсгал хураах тийм аймшигт дүр зургийг хэн ч хүсэхгүй. Тэр цагт хөл хорионы үед амссан эдийн засгийн хохирлоос ч хэд дахин их мөнгийг эмчилгээнд зарцуулна гэдгийг судлаачид анхааруулж байна.