Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилттэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн энэ оны тайлангийн хурал болжээ. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө багасжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хэмжээнд 2020 онд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оноос гурав дахин буурсан гэнэ. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай хамтран Монгол гэрийн дулаалга, халаалт, хоол бэлтгэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний (CHIPS) багц байдлаар цахилгаанаар халдаг шинэлэг бүтээлийг зохион бүтээсэн төдийгүй уг төслөөс 85-100 хувийн санхүүжилтээр Баянхонгор аймгийн гэр хорооллын 230 өрхөд олгожээ. Үүнээс гадна Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймаг болон Баянзүрх дүүргийн нийт 148 өрх, хоёр гэр цэцэрлэгт 150 багцыг олгож, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан аж. Төслийн хүрээнд Баянхонгор аймгийн төвд гадна орчны агаар дахь PM 2.5 тоосонцрыг цаг тутам хэмжиж, мэдээлэх BAM 1020 агаарын чанарын хяналтын харуулыг суурилуулсан байна. Мөн дотоод орчны агаарын чанарыг хянах бага оврын тоосонцор хэмжигч таван багаж, агаарын чанарыг хэмжих хоёр багц төхөөрөмжийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймгийн цэцэрлэг, эрүүл мэндийн төвд суурилуулснаар иргэд өөрсдөө агаарын чанарыг хянаж эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын агаар сэлгэлтийн системийг сайжруулах, барилгын материалын чанар, аюулгүй байдал, стандартыг шинэчлэх ажлыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн зэрэг сайн туршлагыг төсөл хэрэгжих хугацаанд хуримтлуулснаар төсөл гэхээс илүүтэй хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж болохуйц ажил болсон байна гэж гишүүд дүгнэсэн гэнэ. Өнөөдрийн хуралдаанаар “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус хэлэлцлээ.