ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Арваннэгдүгээр сарын 30-нд нийтдээ 12116 хүнд шинжилгээ хийхэд 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Эдгээрийг задалж хэлбэл, Архангай аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ хүн өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтал юм.
Улаанбаатарт долоон тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ долоон тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн.
Сэлэнгэ болон Говьсүмбэрт тус бүр нэг тохиолдол нэмэгдлээ. Эдгээр хүмүүс нь мөн л өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал.
Орхон, Дархан-Уул, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд 358 кластер тохиолдол, зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдолтой нийлээд нийт 801 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 358 хүн эдгэрсэн. Мөн ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 434 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна " гэв.