Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.
Дархан-Уул аймагт "Ковид-19" халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуураар нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсныг PCR шинжилгээгээр баталгаажуулжээ.
Тус тохиолдлын ойрын хавьтлын эрсдэл бүхий 62 хүнийг олж тогтоосон бөгөөд төмөр зам дагуух Дорноговь, Налайх, Говьсүмбэр зэрэг аймагт тандалт, судалгааны ажил үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд "Ковид-19" халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг хамруулах нэр бүхий 18 шинжилгээний төв, мөн сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авах тодорхой заасан байршил болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 6764 хүн хамрагдаад байна.
Сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд 1800-0119 дугаарын утсанд хандаж цаг авах, эсвэл www.119.mn вэб сайтад өөрийн регистрийн дугаарыг бүртгүүлж шинжилгээний цаг болон хариуг авах боломжтой юм.