Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа.
Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 16-нд 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Сэлнгэд ТИР машины хоёр жолоочоос илэрсэн бол нийслэлд батлагдсан тохиолдол болох Д-ын ахаас гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна.
Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 434 байна. Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт 100 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 21 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. ХӨСҮТ-д 170 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна” гэв.