Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд арваннэгдүгээр сарын 6-нд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болж, бүл нэмсэн байна. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг охин нь сая төрсөн гурван ихрийн нэг гэнэ. Ихрүүд 1900 грам, 2000 грам, 2100 грам жинтэй төрсөн бөгөөд эх болон хүүхдүүдийн бие сайн байгааг эмч нар дуулгалаа.
Тус төвд гурав хоногийн өмнө арваннэгдүгээр сарын 3-ны өдөр гурван ихэр мэндэлсэн. Тэд одоо төрсний дараах тасагт эмчилгээнд байгаа гэнэ. Үүнээс сар орчмын өмнө Эрдэнэтийн харьяат цагдаагийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болсон байна.
Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой. Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай.