•Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан Оросын иргэд нийтийн байранд, 65-аас дээш насныхан, уушги, зүрх, судас, дотоод шүүрлийн системийн хүнд өвчтэй иргэдтэй амьдардаггүй, тусдаа өрөөнд байх боломжтой бол гэрээр эмчилгээ хийлгэж болно. Эрүүл мэндийн сайдынх нь нэгдүгээр орлогч Игорь Каграманяны гарын үсэг зурсан баримт бичгээс үзвэл дээрх болзлыг хангасан, халдвар авсан өвчтөн гэртээ эмч дуудаж, эмчилгээ бичүүлж авах, хүндэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламж авах, түүнтэй хамт байгаа хүмүүст уг өвчний талаар болон өвчтөнийг хэрхэн асрах талаар мэргэжилтнүүд мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд өөр газар амьдрах шаардлагатайг дурджээ. Тус улсад гурав хоног дараалан халдварын 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, ням гарагт 20 498, бямбад 20 396, баасанд 20 582 тохиолдол илэрчээ. Ингэснээр халдвар авсан нийт тохиолдлын тоо 1 774 334 болсноос 1 324 419 нь эдгэрсэн аж.
•Германд өчигдрөөс өвчлөл өндөртэй улсаас ирэгсэд 14 бус, 10 хоног өөрийгөө тусгаарлах болов. Хилийн чанадаас ирэгсэд коронавирусийн шинжилгээ хийлгээд, сөрөг хариу гарсан тохиолдолд хөл хориог тав дахь хоногоос цуцалж болно. Харин дамжин өнгөрч буй хүмүүс, ачааны машины жолооч нар, вагоны машинч, нисгэгч, дипломатч, гадаадад зорчоод ирсэн эрх баригчдын төлөөлөгчид үүнд хамаарахгүй аж. Мөн худалдан авалт хийхээр бусад улс руу орж, гардаг хил орчмын бүс нутгийн оршин суугчид хөл хорих шаардлагагүй гэнэ. Германы эрх баригчид халдварын таагүй нөхцөл байдалтай орнуудын жагсаалтаа байнга шинэчилж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтад Итали бүхэлдээ, Дани, Литва, Португал, Шведийн зарим бүс нутаг оржээ. Германд ням гарагт халдварын тохиолдол 16 017-гоор нэмэгдэж, 658 505-д хүрэв. Тэдний 11 289 нь нас барсан байна. Лейпциг хотод нь хөл хориог эсэргүүцэн жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөн гэнэ. Учир нь жагсаалд оролцсон 20 мянган хүн амны хаалт зүүх, зай барих журмыг зөрчсөн тул өгсөн зөвшөөрлөө эрх баригчид нь цуцлахад хэт давруу үзэлтнүүд хэдэн зуугаараа зааснаас өөр чиглэлээр явсан аж.
•Аргентины Засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтэд, Британи, Шведийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн вакцинаас 22 сая хүн/тунг авах гэрээ байгуулжээ. Туршилт нь амжилттай болбол уг вакцинаас Аргентин 2021 оны эхний хагаст авах гэнэ. Энэ бэлдмэлийг Мексик, Аргентинд үйлдвэрлэж, 150-250 сая хүн/тунг Бразилаас бусад Өмнөд Америкийн орнуудад нийлүүлэх тухай өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн билээ. Ирэх сард Оросын “Спутник V” вакцинаас 10 сая хүн/тунг авч магадгүй гэдгээ Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн аж. Мөн Америкийн “Pfizer” компанийн вакцинаас 750 мянган хүн/тунг ирэх сард авахаар төлөвлөжээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш хөл хориотой байгаа Аргентинд 1.2 сая гаруй хүн халдвар авснаас 33 мянга нь нас барсан гэнэ.