Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс үйлчлүүлэгчдэдээ зориулан шинээр Нэг цэгийн үйлчилгээ, үйлчлүүлэгчтэй харилцах төв болон Сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг нэгэн зэрэг ашиглалтад оруулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа, УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир болон бусад холбогдох албаныхан, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хэлсэн үгэндээ "2021 оноос эхлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, салбарын шинэчлэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар гарсан тушаалын дагуу "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" арга хэмжээ улсын хэмжээнд бүх эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа. Уг ажлын хүрээнд өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг Үйлчлүүлэгчтэй харилцах төв болон Сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг өөрсдийн доод эх үүсвэрээр шийдэж ашиглалтад оруулаад байна. Мөн тус эмнэлэг маань эмч, сувилагч нарт ажлын үр дүнгээс хамран урамшууллыг олгож ажиллаж байна.
Үргэлжлүүлэн УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэддээ төвөг, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор манай эмнэлэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг нь үйлчлүүлэгч рүүгээ чиглэсэн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Нэг цэгийн үйлчилгээг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн даатгалтай холбоотой лавлагаа авах, хэвтэн эмчлүүлэх өвчний түүхээ нээлгэх, MRI, CT, компьютер, томографийн бүх төрлийн шинжилгээний хариугаа цаг алдалгүй, чирэгдэлгүй нэгдсэн цэгээс авах боломж бүрдэж байгаа юм.
Мөн тус эмнэлэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бичиг хэргийг хүлээн авч, шуурхай хариу өгөх цогц үйлчилгээг үзүүлэх юм.
Бид үйлчилгээний чанараа сайжруулахын тулд мэргэжлийн байгууллагуудаас ёс зүй, зан харилцааны сургалтуудыг үйлчилгээний ажилтнууддаа явуулсан. Түүнчлэн үйлчлүүлэгчтэй харилцах төв гэсэн шинэ нэгжийг шинээр байгуулан нээлтээ хийж байна. Энэ нь үйлчлүүлэгч тус эмнэлэгт төөрөхгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад нь чиглүүлэх, шаардлагатай эмнэлгийн холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг зэрэг нээж байгаагаараа онцлог юм” гэлээ.