ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн гурав хоногт нийт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр халдвар авсан хүмүүсийг тодруулж хэлбэл, аравдугаар сарын 22-ны өдөр "Алтанбулаг" боомтоор орж ирж тусгаарлагдсан 21-64 насны гурван жолоочоос халдвар илэрсэн байна. Тэдний нэг нь ОХУ-ын харьяат иргэн. Түүнчлэн аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 27 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн.
Мөн "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочоос коронавируст халдвар илэрлээ. Эдгээрийн нэг нь ОХУ-ын харьяат иргэн байжээ.
Батлагдсан тохиолдол нийт 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 36 хүний биеийн байдлыг үнэлбэл, 28 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа" гэв.