Нүдний шил зүүдэг хүмүүс шинэ төрлийн коронавирусийн халдвар авах нь үлэмж бага болохыг БНХАУ-ын эрдэмтдийн судалгаа харуулсныг ОХУ-ын Новосибирийн их сургуулийн бионанотехнологи, микробиологи, вирус судлалын лабораторийн эрхлэгч, биологийн ухааны доктор Сергей Нетесов “OpenBio” чуулга уулзалтын үеэр тэмдэглэжээ. Түүний хэлснээс үзвэл нүдний шил зүүдэг хүмүүс “Ковид-19”-ийн халдвар авах нь тав дахин бага болохыг Хятадад явуулсан судалгаа харуулсан аж. Тодруулбал, уг өвчний халдвар авч, эмчлүүлэгсдийн ердөө 10 хувь нь нүдний шил зүүдэг байсан гэнэ.
Британийн 66 сая хүн амын 84 хувь нь амьдардаг, халдвар хурдацтай тархаж байгаа Англид (Умард Ирланд, Уэльс, Шотландын эрх баригчид нь нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж буй хязгаарлалтыг бие даан тодорхойлдог) дөрвөн долоо хоногийн хугацаатай бүх нийтийн хөл хорио тогтоолоо. Энэ нь цар тахлын хоёр дахь давлагааг зогсоох зорилготой. Өнгөрсөн бямба гарагт халдвар авсан хүний тоо нэг сая давсан байна. Ирэх сарын 2 хүртэл ресторан, баар, үсчин, кинотеатр, спорт клуб болон чухал хэрэгцээт барааныхаас бусад бүх дэлгүүрийг хаажээ. Тус улсын иргэдийг гадаадад амрахыг зөвшөөрөхгүй, харин ажлын шугамаар аялах боломжтой. Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, парламент, шүүх ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Мөн шинэ журам мэргэжлийн спортын арга хэмжээнд нөлөөлөхгүй, гэхдээ тэмцээнүүдийг үзэгчгүй зохион байгуулахаар болжээ. Бизнесийг дэмжих үүднээс албан шаардлагаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст Засгийн газар нь цалингийнх нь 80 хүртэлх хувьтай тэнцэх нөхөн олговор өгөх гэнэ. Тус улсаас гадна Австри, Португал, Польш, Бельги, Чех, Словакт халдвар эрчимтэй тархаж, дотоодын хязгаарлах арга хэмжээ авсан бол Испани ирэх оны тавдугаар сарын 9 хүртэл онц байдал зарлажээ.
Цар тахлын улмаас өнгөрсөн хавраас түр зогсоосон Япон, ОХУ хоорондын нислэгийг энэ сарын 1-нээс сэргээсэн байна. Тодруулбал, Москва-Токиогийн чиглэлийн нислэгээ ОХУ-ын “Аэрофлот” компани энэ сарын 5-наас сэргээхээр болжээ. Үүний өмнө буюу өчигдрөөс “Аврора” компани нь Владивосток-Токиогийн чиглэлийн нислэгээ сэргээсэн аж. ОХУ одоогийн байдлаар Турк, Британи, Танзани, Швейцар, Египет, АНЭУ, Беларусь, Киргиз, Казахстан, БНСУ, Мальдив, Куба руу нислэг үйлдэж байна.