УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ирэх даваа гариг /2020.11.02/-аас улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болов. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Зөвлөлөөр Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулжээ. Тухайлбал, зүрх судасны эмгэг, хэм алдалт, чихрийн шижин, уналт таталт зэрэг оношоор өвдөж буй иргэд хөнгөлөлттэй эмээ түвэггүй авах боломж бүрджээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн "Эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгдсэн. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол ирэх сараас и-баримт, цахим сүлжээнд холбогдсон эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгоно. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулах юм. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хөнгөлөлттэй эм авах юм. Мөн сар бүрийн эхээр эм дуусах вий гэх айдас үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, иргэн та өөрт тохирсон эмээ анхан шатны эмчээр бичүүлсэн л бол сарын хугацаанд хөнгөлөлттэй эмийг дурын эмийн сангаас авах боломжтой болж байна. Эмийн сангуудад хөнгөлөлттэй эмийн 30 хоногийн нөөцтэй байхаар тооцсон" гэв.