Н.ЗАЯА: ЭЭЖИД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ
-Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр хөхөнд жижигхэн бондгор зүйл мэдрэгдэх болсон. Өвдөхгүй байсан учраас тоогоогүй, эмнэлэгт ч очоогүй. Гэтэл удалгүй даралт ихсэж, зүрхний хэм өөрчлөгдөж эхэлсэн. Дархан-Уул аймгаас хот руу ирж, түргэн, шуурхайг нь бодоод хувийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд “Суга руугаа хүртэл үсэрхийлсэн байна, ноцтой байж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд эдийн шинжилгээ авлаа. Долоо хоногийн дараа “Хөхний хорт хавдар” гэсэн хариу сонсоод тэнгэр, газар нийлэх шиг л болж, эмчийн хэлж байгааг ч ойлгоогүй. “Хорт хавдар, хөхийг чинь тайрна” гэж палхийтэл хэлснийг л санаж байна. Тэр даруй дүү нараа дуудаж, “Ээжид битгий хэлээрэй” гээд ХСҮТ-д хандсан.
Хүн зовлонгоо ээждээ мэдэгдэхийг хүсдэггүй юм билээ. Тэндхийн эмчээс “Хавдар эдгэдэг” гэж сонсоод л уужирсан. Манай удамд хөхний хорт хавдартай хүн байгаагүй. Эл өвчний талаар багагүй судаллаа. Хоёр жилийн өмнө цэвэршилтээс сэргийлж, дааврын эм болон элдэв сүлжээний аминдэм уусан минь хавдартай болоход нөлөөлсөн юм шиг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мэс засалд орж, зүүн хөхөө авхуулсан. Өмнө нь химийн эмчилгээнд хоёр удаа орж, хорт хавдрын хэмжээг багасгасны дараа мэс засал хийлгэсэн. Дараа нь таван удаа химийн эмчилгээ хийлгэлээ. Таван жилийн турш эм уух юм билээ. Нэг сар уух эм 150 мянгаас 5.5 сая төгрөгийн үнэтэй.
Ш.АРИУНАА: ХҮН БҮР АНГИР УУРГААР АМИЛДАГ ШҮҮ ДЭЭ
-2019 онд хөлөө гэмтээж, хоёр сар орчим гэртээ суусан. Хөл хугарч, дархлаа муудсанаас энэ өвчин сэдрэв үү гэж бодсон. Чанарын хяналтгүй газраас мах, хүнсний бүтээгдэхүүн авч хэрэглэдэг байсан минь нөлөөлсөн байх. Манай улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан нь хорт хавдар нэмэгдэх нэг шалтгаан гэж үздэг юм билээ. Миний хавдар маш хоруу чанартай. Ганцхан сарын дотор л хөхний хорт хавдар гэж оношлуулсан. Ямар нэг зовуурьгүй тул хожуу илрэх аюултай. Эмчилгээ хийлгэх явцдаа хөхний хавдартай хүн маш олон байгааг мэдсэн. Эхлээд оношлуулна, мэс засалд орно, нөхөн сэргээх гээд цогц эмчилгээ шаарддаг юм байна. Хамт мэс засалд орсон хүмүүсээс эмчилгээний зардлаа төлж чадахгүй, дундаас нь орхих тохиолдол цөөнгүй гарсан. Энэ бүхнээс харахад эрүүл мэндийн сургалт маш чухал юм байна. Эрт оношлуулах хэрэгтэйг нэг хүнд ч болов хэлэхийг хүсэж “Наран ижий заяа” ТББ-аа байгуулсан. Бидний хэрэглэдэг бай эмчилгээний эм өндөр өртөгтэй. Тиймээс хөхний хавдартай хүмүүс нэгдэн бай эмийг Эрүүл мэндийн даатгалд оруулж өгөхийг хүсэж, гарын үсэг цуглуулан, төр, засагт хандахаар болсон. Хүн бүр эхийн уураг сүүгээр амилсан учир үүнд анхаарлаа хандуулж өгөөч. Мэс заслын дараа эмчилгээгээ төгс хийлгэвэл амьдрах хугацаа уртсаж, үсэрхийлэх магадлал багасдаг. Хөхний хорт хавдар цээжний яс, уушги, тархи руу үсэрхийлэх аюултай. Зарим хүнийх 2-3 жилийн дараа үсэрхийлдэг. Алтан гартай эмч нарынхаа ачаар хорт хавдрыг ялж, хоёр дахь амьдралаа эхлүүлсэндээ баяртай байна.
Д.ТУЯА: НЭГ ЖИЛИЙН ЭМЧИЛГЭЭНД 75 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
-Умайн хүзүү болон хөхний хавдар илрүүлэх шинжилгээг гурван жилд нэг удаа өрхийн эмнэлэгт авдаг. Гэвч тэр үед хөхийг минь шалгаж үзээгүй. Дараа нь Хан-Уул дүүрэгт зохион байгуулсан хавдрын илрүүлэг арга хэмжээний үеэр эмчид үзүүлтэл “Зүүн хөхөнд чинь бэрсүү байна. Хавдрын эмчид үзүүлээрэй” гэсэн. Зөвлөсний дагуу ХСҮТ-д үзүүлэхэд “Маш жижиг бэрсүү байна. Хавдар гэж хэлэхэд эрт” гэв. Тухайн үед эдийн шинжилгээ өгөхөөс айсан. Учир нь “Эдийн шинжилгээ өгөхөөр хатгуулахаар хавдрын эс бүх биеэр тархдаг” гэж хүнээс сонссон юм. Хэрэв тухайн үедээ эдийн шинжилгээ өгч, хорт хавдартай гэдгээ мэдсэн бол дурангийн мэс заслаар л эмчлүүлэх боломжтой байж. Хугацаа алдаж явсаар өнгөрсөн нэгдүгээр сард хөхний хорт хавдар гэж оношлогдож, гуравдугаар сарын 2-нд хөх хадгалах мэс засал хийлгэсэн. Өөрөөр хэлбэл, хавдартай хэсгийг авч, хөхийг минь бүтнээр нь үлдээсэн. Одоо бай эмчилгээг бүтэн жил хийлгэх ёстой. Эмчилгээнд 75 орчим сая төгрөг шаардлагатай. Даавар дарангуйлах эм эрүүл мэндийн даатгалд багтсан байсныг хасчихсан гэнэ. Даатгалаас хассан эл эмийг таван жилийн турш уух ёстой. Олон жил эрүүл мэндийн даатгал төлчихөөд шаардлагатай үедээ ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Би анхны хүүхдээ 42 настайдаа төрүүлсэн. Хүүхдээ хөхүүлж байгаагүй. Үүнээс гадна буруу хооллож, бамбай булчирхайн дааврын эм уудаг байсан минь хорт хавдрын эс “ургахад” нөлөөлсөн байх.
Энэ бол хөхний хорт хавдраар өвчилж, шаналж, сэтгэлээр унаж, үнэнтэй нүүр тулж, эвлэрч, эцэстээ ялан дийлсэн, ард нь гарахаар тэмцэж яваа эмэгтэйчүүдийн яриа. Тэд ХСҮТ-д цугларан бай эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар нэгдсэн юм. Эмэгтэй хүн болж төрсөн нь л эл хавдраар өвчлөх эрсдэлийг бий болгодог гэж эмч нар хэлдэг. Тэгэхээр энэ өвчин бүх эмэгтэйд хамаатай. Түүгээр ч зогсохгүй эрчүүдэд ч тохиолддог байна. Дэлхий нийтэд найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдартай болдог гэхээр хэзээ ч, хэн ч эл өвчнөөр өвчлөх эрсдэлтэй. Өнгөрсөн онд манай улсад хорт хавдрын 6381 тохиолдол бүртгэгджээ. Эхэнд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолой, умайн хүзүү, хөхний хорт хавдар оношлогддог байна. Элэгний хорт хавдар эрэгтэй, эмэгтэй алинд нь ч хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэй тутамд 76, эмэгтэйд 60 тохиолддог аж. Харин монгол эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын дөрөвдүгээрт хөхнийх бичигддэг. Хэдийгээр эмчийн хэлдгээр хөхний хорт хавдрын эмчилгээний тавилан сайн буюу нас барах тохиолдол бага ч хожуу үедээ оношлуулснаас амиа алдах нь бий. Гэтэл хөхний хорт хавдартай хүмүүсийн 47.5 хувь нь хожуу үедээ оношлуулжээ.
Наад зах нь эмэгтэйчүүд өөрсдөө хөхөө эрүүл, эсэхийг шалгах мэдлэгтэй байх хэрэгтэйг эмч нар хэллээ. Гараа ташаандаа авч, мөрөө тэгш хэмд байрлуулан толинд өөрийн хөхийг ажиглах нь эхний алхам. Хөхний хэлбэр, хэмжээ болон өнгийг ажиглах бөгөөд жигд бус, хавдсан, бэрсүү байгаа, үгүйг шалгаарай. Хэрэв ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдвал мэргэжлийн эмчид ханд. Удамшил, цээж болон нүүрний арьсанд шарлага хийж байсан, жингийн илүүдэл, 30 наснаас хойш төрсөн, даавар орлуулах эмчилгээ хийлгэсэн, олон дахин үр хөндүүлсэн, хорт зуршил зэрэг нь эл хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болдог аж. Мөн хөхний хавдраар өвчилж байсан бол нөгөө хөх ч өвчлөх эрсдэл 3-4 дахин өндөр байдаг гэнэ.
Саяхан нэг танил эмэгтэй минь горьдсоноос болж хөхөө бариачид бариулжээ. Гэвч бэрсүү арилахгүй, хэмжээ нь улам томорсон тул эмчид хандахад хөхний хорт хавдар гэж оношилжээ. Тиймээс хөхөнд үүссэн эмгэг үү, эдийн бүтцэд нь өөрчлөлт орсон уу гэдгийг ялган оношлуулах хэрэгтэйг мэргэжлийн эмч зөвлөв. Хөхний ЭХО, маммографт харуулах хэрэгтэй гэнэ. Тухайн хүнд өвчний явцаас шалтгаалан мэс засал, хими, туяа, дааврын болон бай эмчилгээг хавсарч хийдэг юм байна. Дэлхий нийтэд дархлааны эмчилгээ нэвтэрсэн бол манай улсад энэ талаар судалж буй аж. Харамсалтай нь хорт хавдартай хүмүүсийн амьдралыг уртасгах хими, туяа, бай эмчилгээний зардал маш өндөр. Нэг эм гэхэд таван сая хүртэлх төгрөгийн үнэтэй. Мэс засалд орсон хүн бүр дархлаа дарангуйлах эмийг таван жил уух ёстой. 150 000 төгрөгийн үнэтэй эл эмийн үнийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг байж. Гэтэл саяхан даатгалаас хасчихжээ. Олон жил эрүүл мэндийн даатгал төлснийхөө ашгийг хүртэж чадахгүй байгаадаа хавдартай хүмүүс бухимдаж байна. Олонх нь тэтгэвэрт гарсан, эсвэл ид хийж бүтээж яваа залуус байдаг тул өртөг ихтэй эмчилгээний зардлыг төлж дийлэхгүй, дундаас нь орхих, өвчнөө даамжруулах, цаашлаад амиа алдах тохиолдол гарсаар байна. Тиймээс хорт хавдрын бай эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгвөл олон эмэгтэй, ээж нарт буян болох нь. Эрт оношлуулж, эмчилгээний зардлын ачаанаас төр үүрэлцэж чадвал нэг ч гэсэн хүн хорт хавдраар хайртай нэгнээ алдахгүй, элэг бүтэн үлдэнэ. Хөхний хорт хавдартай хүмүүс гадаад улсыг зорих шаардлагагүй, эндээ бүх эмчилгээг хийж чадаж буйг монгол эмч нар хэлнэ лээ. Гагцхүү өндөр өртөгтэй эмийн дарамтад орсон иргэд хорт хавдрын өмнө хүчин мөхөстөж байна.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Б.ОДБАЯР: ЖИЛД ХОРТОЙ, ХОРГҮЙ ХАВДРЫН 500 ГАРУЙ МЭС ЗАСАЛ ХИЙДЭГ
ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн хөхний мэс засалч Б.Одбаяраас зарим зүйлийг тодруулав.
-Хөхний хорт хавдрын эмчилгээнд нэвтрүүлсэн сүүлийн үеийн ололт юу байна вэ?
-Хорт хавдрын талаарх мэдээллийг иргэдэд түгээх, урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү явуулснаар эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ сайжирч байна. Өөрөөр хэлбэл, хөхний хорт хавдрын эмчилгээ хөнгөн чанартай явагдах боломжтой болж байгаа. Хөх хадгалах хагалгааны боломж сайжирсан. Өмнө нь хөхийг бүхэлд нь тайрч авдаг байсан бол одоо дэлхий нийтэд эрхтэн хадгалах мэс засал илүү хөгжсөн. Дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар нэгдүгээрт бичигддэг. Эрт үед нь оношилж чадвал төгс эмчлэгдэх боломжтой. Өндөр хөгжилтэй орнуудын мэс заслын 70-80 хувь нь эрхтэн хадгалахад чиглэдэг юм. Гоо сайхан талдаа илүү хөгжиж байна. Манай улсын хувьд ч эрт оношлуулсан эмэгтэйчүүдэд эрхтэн хадгалах болон нөхөн сэргээх мэс заслыг үе шаттай хийж байна.
-Эрхтэн хадгалах хагалгааны талаар илүү тодруулахгүй юу?
-Тухайн хүнийг хөхийг авахгүй гэсэн үг. Манай улсад хөхний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн олонх нь 40-50 насныхан. Хорт хавдар тусаж, хөхөө авхуулна гэдэг хэнд ч хүнд цохилт болдог. Тиймээс эрхтнийг нь үлдээх, тодорхой хэсэгт нь нөхөн сэргээх хагалгаа хийж байна. Тодруулбал, хэвлийн доод хэсгээс нь авч, тайрсан “газар”-т суулгах, мөн хиймэл эдээр орлуулах боломжтой. Монголд хэдийгээр хиймэл хөхний үйлдвэр байхгүй ч эмч нар бүх л төрлийн мэс засал, эмчилгээг хийж байгаа. Хамгийн чухал нь эмчилгээний өртөг өндөр тул иргэд санхүүгийн хүндрэлд орж, эцэстээ орох оронгүй ч болж байна.
-Хөхний хорт хавдрыг хими, туяа эмчилгээгээр бүрэн эдгээх боломжтой юу. Заавал мэс засал хийлгэх үү?
-Хөхний хорт хавдрын үед мэс заслын эмчилгээг заавал хамт хийдэг. Эмчилгээг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь мэс засал гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш эл хавдрыг мэс засал хийхгүйгээр 100 хувь эмчлэх боломжгүй.
-Эл хавдраар залуу бүсгүйчүүд өвчлөх нь нэмэгдсэн гэв үү?
-19 настай эмэгтэй хөхний хорт хавдраар өвчилж, эмчлүүлсэн. Тэр ч бүү хэл 14,15 настай охидод ч тохиолддог. Эл хавдраар өвчлөх шалтгаан, нөхцөл олон. Эрэгтэй хүнд ч цөөн тоогоор тохиолддог. Гэхдээ эмэгтэй хүн болж төрсөн нь эл хавдраар өвчлөх нэг эрсдэл юм. Мөн удамшил, ген, хорт зуршил, хүнд нөхцөлд ажилладаг эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Түүнчлэн бухимдал, дааврын өөрчлөлт, цэвэршилт нь хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болдог.
-Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд горьдсоноос хавдар үүсэх эрсдэлтэй юү?
-Иргэд горьдох гэж ярьж хэвшсэн. Энэ нь анагаах ухааны нэр томьёонд арай өөр ойлголт. Горьдсон үед бариачид очихоос илүү эмчид хандах хэрэгтэй. Нарийн мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээний хариунд үндэслэн эмчилгээ хийлгэ. Хөх улайж үрэвсэх, чинэрэх тохиолдол хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд тохиолддог өөр эмгэг. Манай эмнэлэг хөхний хорт хавдрын 240 гаруй мэс засал жилд хийдэг. Хоргүй хагалгаатай нийлбэл 500 орчим мэс засал хийж байна.