Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит үйлдвэрийн газар, Ногоон наадмын цогцолбор, “Мөсөн өргөө”, Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ), Спортын төв ордны үйл ажиллагаатай танилцлаа. Засгийн газраас урлаг, соёл, спортын хөгжилд анхаарч, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт цогц арга хэмжээ тусган, хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбээр БТСУХ-нд ажиллахдаа “Олимпод бэлтгэх төсвийг 2020 онд хоёр дахин ихэсгэж, үндэсний шигшээ багийн төрлийг нэмэн, 219 хүний бүрэлдэхүүнтэй болгож, тамирчдын цалинг өсгөсөн. Одоо биднийг хариуцлагатай мөч хүлээж байна. 2021 оны зун, 2022 оны өвлийн олимп, Монгол Улсын санаачилгаар анх удаа олон улсын залуучуудын Ногоон наадмыг эх орондоо зохион байгуулна” гэв. Тус хорооныхон Спортын төв ордонд төвхнөсөн бөгөөд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулж, Ерөнхий сайд нээлтийн ёслолд нь оролцсон юм.
“Буянт-Ухаа” спортын ордны мэргэжлийн дэвжээнд жүдо, чөлөөт бөхийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж буй аж. БНХАУ-тай байгуулсан гэрээний дагуу уг ордны хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд Монголын талаас 800 сая, БНХАУ-аас 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэнэ. Сул зогссон үеийнх нь урсгал зардал, татварын өрийн хуримтлал зэрэгт зориулж 1.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.
Ногоон наадмын спорт цогцолборын Спортын бэлтгэлийн төв барих, наадмыг зохион байгуулахад зориулж 9.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өдгөө дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг нь барьсан аж. Усан бассейн, хоккейн талбай барих ажил ид өрнөж байна. “Степпе Арена” компанийн барьж буй “Мөсөн өргөө”-ний бүтээн байгуулалт 70-85 хувьтай байгаа гэнэ.