Сонгуулийн төв байгууллага нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо ИТХ-ын сонгуулийг удирдан зохион байгуулж ирсэн. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага өнгөрсөн баасан гарагт нийслэл, дүүргийн Сонгуулийн хорооны гишүүдтэй уулзаж, орон нутгийн сонгуультай холбогдуулан үүрэг, зөвлөмж өгсөн байна. Ингэхдээ аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн шинэ зохицуулалтууд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим зүйлийг онцолжээ. Тухайлбал, дээрх хуульд зааснаар сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар, ирэх сарын 15-ны 07.00-20.00 цаг хүртэл авна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг аравдугаар сарын 14-нд 09.00-20.00 цагт авах юм. Өөрөөр хэлбэл, санал хураах цагийг богиносгосон. Хуульд сонгогчдын ирцийн босго тогтоогоогүй ч иргэдийн оролцоог өндөр байлгах, мэдлэг мэдээлэлтэй оролцоход нь дэмжиж, олон талт ажил өрнүүлэх ёстойг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлжээ.
Мөн сонгогчид санал тэмдэглэхдээ тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэсэн бол хуудсыг нь хүчингүйд тооцно. Сонгуулийн хорооны ажилтныг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглох юм. Төрийн албаны тухай хуулийн 61.1.4-т албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага, эсвэл цагдаагийн байгууллагаар хамгаалуулахаар заасан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага онцолсон.
Түүнчлэн нэр дэвшигчид тавих шаардлагыг ч нэлээд өөрчилжээ. Тухайлбал, хоёр шатны сонгуульд зэрэг нэр дэвшиж болохоор хуульчилсан. Жишээ нь, сумын ИТХ-д нэр дэвшиж байгаа хүн харьяа аймаг, дүүрэгт өрсөлдөж буй бол нийслэлийн ИТХ-д нэгэн зэрэг хүч үзэж болно гэсэн үг. Хоёр шатны сонгуульд давхар нэр дэвшигч аль аль тойрогтоо ялалт байгуулсан тохиолдолд хоёр ИТХ-д төлөөлөгчөөр ажиллах юм. Түүнчлэн өмнө нь сонгогдох буюу нэр дэвшигчийн насны доод хязгаар 21 байсныг 18 болгосон юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслийн Удирдах зөвлөлийн гишүүн нэр дэвших бол төрийн жинхэнэ албан хаагчдын адил үүрэгт ажлаа заавал хүлээлгэн өгөхөөр заажээ. Түүнчлэн авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээр шийтгүүлээд, шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байгаа хүн нэр дэвшихийг хориглосон.
Сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд нэр дэвшигчид үнэмлэхээ энэ сарын 30-нд гардан авснаар кампанит ажлаа эхлүүлэх юм. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь өөрийн нэг цахим хуудсаар сурталчилгаа явуулах эрхтэй. Үүнийгээ тухайн шатны Сонгуулийн хороонд заавал бүртгүүлэх шаардлагатай. Нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор буюу ирэх сарын 3-наас өмнө цахим хаягаа бүртгүүлэхээр хуульчилжээ. Бүртгүүлээгүй тохиолдолд цахим хуудасны хандалтыг хязгаарлах юм байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч мэдээллийн нэг цахим хуудаснаас гадна фэйсбүүкийн нэг хаягаас сурталчилгаа хийх эрхтэй байсан юм. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь дээрх хоёроос аль нэгийг нь сонгож сурталчилгаа хийх эрхтэй аж.