Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Тус өдрийг Монгол улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жилийн тухайд хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ойтой давхцаж байгаа юм байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар 31,314 иргэнийг цагаатгасан байгаа аж.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлснээр:
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхдүүд зэрэг 19,225 иргэнд олгоод байна.
- Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байгаа аж.