Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яамны үйл ажиллагаатай танилцлаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын өнөөгийн байдал, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдад уламжилсан юм. 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөжээ. Өдгөө 77 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хүчин чадал 1473 мВт байгаа бөгөөд дулааны цахилгаан станцууд үүний 1200 мВт буюу 81.5-ийг нь бүрдүүлдэг аж. Эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг нь өргөтгөх, Тавантолгойн цахилгаан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар зорьж буйг сайд Н.Тавинбэх хэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газраас эрчим хүч, нефть, хүнсний өргөн хэрэглээг дотоодоос хангах зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа. Үүний хүрээнд дээрх хоёр цахилгаан станцыг ашиглалтад оруулах, эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангахад анхаарч ажиллана” хэмээв. Мөн тэрбээр Амгалан, Эрдэнэт, Чойбалсангийн дулааны станцыг шинэчлэх ажлууд ч чухал ач холбогдолтойг сануулсан юм. Түүнчлэн өртөг багатай, байгаль орчинд ээлтэй учраас усан цахилгаан станцууд барьж, байгуулах шаардлагатайг онцлов. Уулзалтын төгсгөлд хүнд сурталгүй, үнэнч шударга, дэг журамтай ажиллахыг тус яамны ажилтнуудад сануулж, амжилт хүслээ.