Нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, МУИС, МУБИС, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, “Боловсролын реформ” хөдөлгөөнийхөн оролцов.
“Монгол Улс ерөнхий боловсролын сургуулийнхаа сургалтын хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилгод нийцүүлэн сайжруулах ёстой. Үндэсний үнэт зүйл, хүний эрх, тэгш хүртээмжийг дээдэлсэн бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Нийт сургуулийн 721 нь ердийн, 15 нь мэргэжлийн, 70 нь гүнзгийрүүлсэн, зургаа нь тусгай, найм нь олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Улсын хэмжээнд хоёр сургуулийн 308 сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа. Бүлэг дүүргэлт нь зохих хэмжээнээс хэтэрсэн нийслэлд 35, аймагт зургаан сургууль бий. Энэ нь та, бидэнд дүгнэлт хийж, асуудалд бодитоор хандах хэрэгтэйг сануулж байна” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ онцлов. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход анхаарах, ашгийн бус сургалтын байгууллагыг төрөөс дэмжих, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад төрийн бодлого чиглэх ёстой” гэсэн юм.
МУИС-ийн доктор Д.Бум-Очир “Боловсролын колоничлол” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Боловсрол бол нэг талаас мэдлэг олгох үйл явц. Харамсалтай нь, мэдлэгийг хэн нэгний ашиг сонирхлын үүднээс ашиглаж болдог. Тиймээс “Мэдлэг-Монголын баялаг” гэсэн уриатай хэлэлцүүлэг явуулж байна. Гэтэл Монголын баялаг байх ёстой мэдлэг бусдын, аль нэг их гүрний ашиг сонирхолд үйлчилж байвал яах вэ. Бидний тахин шүтэх гээд байгаа, импортлох гэж буй боловсролын систем, тогтолцоонд монголчуудыг зэрлэгүүд гэх ангилалд оруулсан. Боловсролын тогтолцооны ард ямар ашиг сонирхол байгааг танин мэдэх хэрэгтэй. Бид азаар өөрсдийн гэсэн боловсролын тогтолцоотой болох гэж ядаж байтал гаднаас хуулбарладаг хандлага дахин бий болохгээд байх шиг. Тэр нь олон улсын боловсролын тогтолцоо. Үүний үр дүнд буюу колончлолын мэдлэгийн уршгаар үндэсний үнэгүйдэл бий болдог. Ашиг сонирхлоос ангид үндэсний боловсролын тогтолцоо бий болгох хэрэгтэй” хэмээсэн юм.
“Бүх нийтийн боловсролын үйлчилгээг шударга ёсны үүднээс хэлэлцэх нь” сэдвээр МУБИС-ийн доктор С.Түмэндэлгэр илтгэл тавилаа. Тэрбээр “Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй, суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмшихээр тусгасан. Боловсролын тухай хуульд тэгш хүртээмжтэй, эх хэлээрээ сурч боловсрох, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг заалт бий. Мөн гүнзгийрүүлсэн гэх мэтчилэн олон хөтөлбөртэй байх, төрийн өмчийн бус сургуульд боловсрол олгохыг хуулиар зөвшөөрсөн. Тэгэхээр үндэсний, олон улсын хөтөлбөртэйг нь харгалзан ялгаатай санхүүжилт олгох нь зөв үү. Кэмбрижийн хөтөлбөрөөр суралцаж байгаа хүүхдүүд эгэл ардын хүүхдүүдтэй өрсөлдөж байгаа явдал нь хэрэгцээний ялгаатай байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, шалгалтад тэнцэхэд нийгмийн гарал, амьдралын түвшин нь нөлөөлж байгаа. Зөвхөн кэмбрижийн сургалттай сургуулийн шалгалтад бэлдүүлдэг, 1.5 сая төгрөгийн төлбөртэй сургалт хичээллэж байна. Үүнээс үзэхэд хэрэгцээний ялгаатай байдлыг зайлшгүй харгалзах шаардлагатай. Хэн боловсролын үйлчилгээний гадна үлдэж байгааг судлахад хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн, малчдын болон хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд байна. Судалгаагаар төлбөртэй дамжаанд хамрагдсан хүүхдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь бусдынхаас өндөр гарсан. Амьжиргааны түвшнээс доогуур айлын хүүхэд өлссөнөөсөө болоод хичээлээ ойлгодоггүй гэх судалгаа ч бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуульд суралцах боломж олонход нь хаалттай байна. Мөн амьжиргааны түвшин доогуур өрхийн, малчдын хүүхдүүдэд ч суралцах боломж бага. Бүх хүүхдээ сургуульд хамруулахад одоогийн санхүүжилт хангалтгүй. Хүүхэд бүр оршин суугаа газартаа боловсролын үйлчилгээг чанартай авах, сургуульдаа хүрч очих таатай нөхцөл бүрдүүлэхэд ихээхэн өртөг шаардлагатай. Ийм үед кэмбрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгөөр санхүүжүүлэх үү, эсвэл нийтийн хөрөнгөөр бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй юү” гэлээ.
Мөн “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Кэмбрижийн хөтөлбөр: үйл явц, үр дагавар”, МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн захирал П.Түвшинтөр “Монголын боловсролын тогтолцоог сайжруулах арга зам” сэдвээр илтгэл тавив. Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид санал хэлсэн юм. Тэд хэдхэн сургуульд кэмбрижийн буюу гадаадын өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлж, төсвийн хөрөнгөөр боловсролын ялгаатай байдлыг үүсгэж болохгүй хэмээн шүүмжиллээ. Харин үндэсний сайн сургалтын хөтөлбөртэй болж, боловсролын тогтолцоогоо сайжруулах шаардлагатай гэж үзсэн юм.