АН-ын нийслэлийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, МАХН-ын нийслэлийн хорооны дарга Э.Эрдэнэжамъян, ШИНЭН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар цаашид хамтран ажиллахаа мэдэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Д.Пүрэвдаваа “УИХ-ын сонгуулийн үеэр эргэлзээ төрүүлсэн асуудал олон гарсан. Тухайлбал, эрх баригч нам 2016 онд 62-уулаа сонгогдсон. 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хуулийг тусад нь баталсан байгаа. УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. Жишээ нь, саналын хуудас бар кодтой, нууцлалтай байх ёстой. Гэтэл үүнийг хэрэгжүүлээгүй. Мөн иргэд олон удаа саналаа өгсөн, эсэхийг хянах боломжтой хурууны бэхэн тэмдэглэгээг ашигласангүй. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлахдаа өмнө нь иргэдийн саналаар байгуулдаг байсан бол энэ удаад намуудын байр суурийг сонсохоор зохицуулсан. Тэгсэн атал МАН-аас бусад намаас энэ талаар санал аваагүй. 44 хувийн санал авсан МАН-ныхан УИХ-ын гишүүдийн 82 хувийг бүрдүүлж байгаа. Энэ мэт шударга бус байдлыг зогсоохын тулд АН-ын, МАХН-ын нийслэлийн хороо, ШИНЭН хамтран ажиллахаар боллоо” хэмээв.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад тэд хариуллаа.
-Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэгдэж оролцоно гэдэг нь эвсэл байгуулна гэсэн үг үү?
Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: -Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасны дагуу эвсэл байгуулж, оролцох хугацаа дууссан. Тэгэхээр эвсэл болж оролцохгүй. Монголд сонгууль шударга явагдахаа больжээ гэдэгт бид санал нэгдсэн юм. 2012 оноос хойш буюу төрийн албан хаагчид сонгуулийн хороонд ажилладаг болсноор өнөөдөр манайд ардчилал байхгүй болох эхлэл тавигджээ. Монголд улс төрийн намууд төр буюу эрх баригчидтай, бусад нь төрийн байгууллагуудтай өрсөлдөж байна. Иргэн Б өөрийн мөнгөөр сонгуульд өрсөлддөг, эрх баригчид төсвийн хөрөнгийг нэр дэвшихдээ зарцуулж буй. Ийм хүч тэнцвэргүй тулаанд улс төрийн бусад нам хамтран ардчилал, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулахын төлөө ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс сонгуульд хамтран оролцоно. Ингэхдээ нэг тойрогт эрх баригч нам болон сөрөг хүчин болох биднээс аль нэг нь л нэр дэвших юм.
-Нийслэлийн ИТХ-д нэг намаас 45 хүн нэр дэвших боломжтой. Тэгэхээр үүнийг хувааж авч байгаа юм уу?
Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: -Хуралдаж шийднэ. Одоогоор ямар нэг хурал хийгээгүй. Есдүгээр сарын 6-наас хойш аль тойрогт хэдэн хүн хуваарилсан талаар мэдээлнэ.
-Нийслэлийн ИТХ-д олонх болбол хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ?
-Д.ПҮРЭВДАВАА: -Өнөөдөр бусад улс орон шиг иргэдээс санал авч, хотын даргыг сонгодог бол “Хотын дарга хэн болох вэ” гэдэг асуултыг тавих нь зүйтэй. Одоогийн мөрдөж буй хуулиар бол хотыг ямар баг удирдах тухай асуух нь зөв. Тэгэхээр эхний ээлжид хамтран сонгуульд оролцоод хууль бусаар зохион байгуулдаг асуудлыг нь шийдье гэж байна.
Бэлтгэсэн: Б.Анх