Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг төслийг гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Б.Жавхлан, Ч.Ундрам, Х.Булгантуяа нар санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн бөгөөд өнгөрсөн баасан гаргийн өглөө тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр гишүүн Б.Баттөмөр “Зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон тогтоол, шийдвэр гарч байсан. Өмнө нь 20.5 орчим хувь байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 16.3 болж буурсан. Бидний боловсруулсан тогтоолыг баталж, хэрэгжүүлбэл зээлийн хүү жил бүр нэг буюу дөрвөн жилд дөрвөн хувиар буурч, 2023 оны эцэс гэхэд сарын нэг хувьд хүрнэ гэж тооцсон. Монголбанк болон Монголын банкуудын холбоотой хамтран судалгаа хийсэн. Зээлийн хүүгийн зардлын 60 хувь нь хадгаламжийнх байдаг. Манайх шиг өндөр хүүтэй хадгаламжтай улс дэлхийд ховор. Банкууд тусгай гэрээ хийж, их мөнгөтэй хүмүүсийг татдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр хадгаламж нь тухайн банкны зээлийн эх үүсвэр болдог. Тиймээс Монголын банкуудын холбооныхонтой ярьж тохироод, төслөө боловсруулсан. Үүнд хугацаагүй хадгаламжийг хүүгүй байхаар тусгасан. Банкны үйл ажиллагааны зардал зээлийн хүүгийн зардлын 17 хувийг эзэлж байгаа. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж буй энэ үед энэ зардлыг бууруулахад дэвшилт технологи ашиглах ёстой. Мөн банкны эрсдэлийн зардлыг бууруулна. Энэ нь хүүгийн зардлын 12 орчим хувийг эзэлж байна. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкуудыг хувьцаат компани болгоё гэж байгаа юм. Дүрмийн санд нэг хүн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзлэх хувийг 20-иор хязгаарлаж, үлдсэн 80 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан худалдах нь зүйтэй гэж үзэж буй. Ингэснээр банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, олон нийтийн хяналт бий болно” гэв. Гишүүн Г.Амартүвшин “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаараа тогтоно.
Арилжааны банкуудын тусгай нөхцөлтэй хадгаламжийг аль болох хязгаарлахад Монголбанк анхаарал хандуулна. Томоохон банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан ч бусад нь хэвээрээ байгаа болов уу. Энэ тогтоол батлагдвал Монголбанк өөрийн хамааралд байгаа зардал, шимтгэлээ бууруулна. АТМ, ПОС төхөөрөмж болон гүйлгээний шимтгэлийг бууруулах арга хэмжээг дорвитой авна. Банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлд давхардсан дэд бүтцүүдийг дундын болгож, зардлаа хуваах, шингээх байдлаар ажиллана. Банк бүр өөрийн ПОС төхөөрөмж, АТМ-тэй байдаг. Тэгвэл дундын дэд бүтэцтэй болсноор зардлаа хувааж, энэ хэмнэлт нь харилцагчдад очдог зээлийн зардлыг бууруулна. Эрсдэлийн зардлын тухайд намрын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн чухал хуулийн төслийн хүрээнд авч үзэхээр төлөвлөсөн. Банкны хувьд тулгамдсан нэг асуудал нь муу зээл. Өөрөөр хэлбэл, үүнийг барьцаа хөрөнгөөр төлүүлэхэд дунджаар 4-5 жил болж байна. Энэ зардал зээлийн хүүд шингэдэг. Иймд хугацааг нь багасгаснаар зардал буурна” хэмээсэн бол гишүүн Х.Булгантуяа “Банкны зүгээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайн байлгах шаардлага тавьж байгаа. Бид цаашид банкны салбарыг эрүүлжүүлэхийн тулд эрсдэлийг бууруулах, эх үүсвэр татах болон үйл ажиллагааны зардлыг багасгах гэх мэт реформ хийх зорилт тавьж байгаа” гээд төслийнхөө хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй сайн зөвшилцсөнөө хэлэв.
Зээлийн хүүг бууруулахдаа захиргаадалтаар бус, зохиомол хөөс үүсгэсэн зардлуудыг багасгах хуулийн зохицуулалт ашиглана гэдгийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн онцолсон. Тэрбээр “Уг тогтоолын төсөлтэй холбоотойгоор зургаан хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Эх үүсвэртэй холбоотой зардлуудыг бууруулж, чанаргүй зээлийн шүүхийн маргааныг түргэвчилсэн журмаар шийдэж, банкны системийг эрүүлжүүлэх боломжтой. Сүүлийн гурван жилд зээлийн хүү хамгийн өндөр хэмжээгээр буурсан. Үүнд эдийн засгийн өсөлт, санхүү, төсвийн тогтвортой байдал нөлөөлсөн. Иймд эдийн засгаа эрүүл байлгаснаар зорилтдоо хүрнэ. Үүний тулд бид олон улсын байгууллагуудтай хамтрах шаардлагатай. Энэ хүрээнд банкуудын системийн шинэчлэлийг эхлүүлээд байгаа. Тогтоол батлагдвал банкны реформын нэг хэсэг болно. Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдийг банкны нэр томьёогоор “тусгай хадгаламж” гэдэг. Тусгай хадгаламж эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж буй ч хүүгийн зардлыг огцом өсгөж байгааг хуулиар зохицуулна. Дараа нь өндөр дүнтэй хадгаламжийг хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирэх байх. Үүнийг хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж гэж харж байгаа” гэв.
Үдээс хойш нь чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүн дараах байр суурь илэрхийлсэн юм.
Л.ЭНХ-АМГАЛАН:
-Бид сүүлийн 10 жилийн турш зээлийн хүүг бууруулах стратегийн талаар ярилаа. Энэ асуудал одоо ажил хэрэг болох нь л чухал. Өнөөдөр манай улсад олгож байгаа зээлийн дундаж хүү 16.3 хувь гэдэгтэй би санал нэгддэггүй. Зээлийн хүү өндөр байгаагийн хамгийн гол шалтгаан нь өндөр хүүтэй хадгаламж. 17 их наяд төгрөгийн хадгаламж бий. Үүнийг эзэмшиж байгаа 10 мянган хүний эрх ашиг чухал уу, өндөр хүүтэй зээл төлж буй 2.7 сая иргэний эрх ашиг чухал уу гэдгийг харгалзаж байж шийдвэрээ гаргах ёстой. Өндөр хадгаламжид өндөр татвар тогтооё.
Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Тогтоолын төсөлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой юу. Эсвэл улс төрийн шахалтаар хэрэгжүүлэх гэж байна уу. Зээлийн хүү өндөр байгаа нь гадаадын банк байхгүйтэй холбоотой. Гадаадын банк оруулж ирэхээр бүх зүйлийг нь барьцаалчихна гэдэг. Хойд Солонгос, манайх хоёрт л гадаадын банк байхгүй байна.
Г.ДӨЛГӨӨН (Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч):
-Бид 3-4 удаа уулзаж, мэргэжлийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгэснээ ажлын хэсгийнхэнд өгсөн. Стратегийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Одоогийн байдлаар гаднын банк салбараа байгуулах хүсэлт Монголбанканд ирүүлээгүй.
Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Монголбанк хэрэгжүүлэх боломжтой гэж хэллээ шүү. Хэлсэндээ хүрээрэй.
Н.АЛТАНХУЯГ:
-Зээлийн хүүг яг хэдэн хувь болгох юм бэ. Монголбанк энэ стратегийг хэрэгжүүлэх боломж байгаа юм уу?
Г.ДӨЛГӨӨН:
-Стратегийн баримт бичгийн төслийг боловсруулахад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ажлын хэсгийнхэнтэй баг болж ажилласан. Ард түмний зээлийн өрийн дарамтыг багасгах, эдийн засгийг сэргээхээр тууштай ажиллах нь Монголбанкны байр суурь. Захиргаадалтын аргаар бус, хөөсөрсөн асуудалд хуулийн болон бусад зохицуулалт хийж, тууштай ажиллана. Засгийн газар долоон санал гаргасныг оруулсан.
О.ЦОГТГЭРЭЛ:
-Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг 2018 онд холбогдох мэргэжлийн байгууллагууд баталж байж. Одоогийн төслийг харьцуулаад үзвэл бараг 90 хувь нь ижил юм. Энгийнээр хэлбэл, зээлийн эх үүсвэр нэмэгдэж байж л хүү нь буурна. Гэтэл дотоодын хадгаламж нь эх үүсвэр болоход хангалтгүй, мөнгө ховор байхад зээлийн хүүг яаж захиргаадалтын аргаар бууруулах гээд байгаа юм бэ. Нөгөө талаас энэ салбарын эрсдэл өндөр хэвээр байхад зээлийн хүүг бурхан ч буулгаж чадахгүй шүү дээ. Хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй болсноор хадгаламж, зээлийн хоршоо зэрэг банк, санхүүгийн бусад сектор луу мөнгө нь урсчих юм биш үү.
Г.ДӨЛГӨӨН:
-Зээлийн хүүг бууруулах стратегийг 2018 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл баталж байсан юм. Одоо үүний үргэлжлэл болгон УИХ-ын тогтоол хэлбэрээр, өргөн цар хүрээг хамруулан боловсруулаад буй нь энэ.
Ш.АДЬШАА:
-Гадаадаас банк оруулах талаар ярих шаардлагатай. Энэ асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбон янз бүрээр ярьдаг ч дотоодын банкуудын үүсгэж буй эрсдэлтэй нөхцөлийг төрийн бодлогын түвшинд авч үзэх цаг нь болсон. Хэдхэн банк ямар ч өрсөлдөөнгүйгээр энэ салбарыг бүхэлд нь атгаж байна. Тиймээс хаа хаанаа зоригтой шийдвэр гаргах ёстой. Гадаадын банк үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг яриаг энэ хэдэн банк болон тэдэнтэй холбоотой Монголбанкны удирдлага гаргаж ирсэн гэв.
Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын төслийн дараагийн хэлэлцүүлгүүдийг энэ долоо хоногт хийж, батлах бөгөөд ээлжит бус чуулганыг ирэх баасан гарагт хаахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Б.Уран