УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна.
Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаасан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй. Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж байгаа ажээ.