Монгол Улсад хууль санаачлах эрхтэй гурван субъект бий. Тэгвэл гурван сарын өмнө тухайн үеийн парламент УИХ-ын тухай хуулийг шинэчлэхдээ Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд халдсан гэж халааг нь авсан гишүүд хүлээн зөвшөөрлөө. УИХ-ын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилж баталсан. Уг хуулийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээн заажээ. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсныг өчигдөр УИХ хүлээн авсан нь энэ.
Тодруулбал, хоригт ороод буй 38.2-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгасан 26.1 буюу “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэх заалтад нийцүүлэн баталсан. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татвартай холбоотой, мэргэжлийн яам нь боловсруулбал зохих хууль, тогтоомжийг УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч санаачилдгийг болиулах атал УИХ-ын тухай хуулийг шинэчлэхдээ Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд халдлаа гэж үзсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд тусгасан 10 гаруй эрхээр хууль санаачлахыг нь хязгаарлалаа гэж хориг тавьсан юм. Энэ тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд УИХ-ын тухай хуулийн энэ заалт хэрэгжих ямар ч бололцоогүй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь нийт ард түмнээс сонгогдсон, Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон” хэмээн тайлбарласан. Нэгэнт УИХ хоригийг хүлээн авсан учраас УИХ-ын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг тусгаж, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хэвээр үлдээх бололтой.
33 дугаар зүйл
1.Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;
3/өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
4/гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
5/Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
6/Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
7/улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
8/уучлал үзүүлэх;
9/Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
10/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
11/бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12/Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв УИХ шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.
Үндсэн хуулиас