Банк санхүүгийн салбар болон төсвийн тодотгол, засгийн газрын мөрийн хөтөлбөрт үүсч буй асуудлуудын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа. Тодруулбал,
Нэг. 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр Үндэсний аудитын газраас банк санхүүгийн салбарт асуудал байна. Түүнчлэн өндөр эрсдэлтэй хоёр банк байна гэж зарласан. Харин энэхүү асуудлыг шийдэх талаар УИХ энэ намрын чуулганаар нэлээдгүй хуулийн шинэчлэлийг оруулна. Тэр дундаа банк санхүүгийн салбарыг мөн шинэчлэнэ гэж тусгасан. Тэгэхээр засгийн газар болон төв банкны зүгээс дээр ярьсан шинэчлэл болон хуулийнхаа төслүүдийг оруулж ирэхгүй бол бид шинэчлэл хийнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж, УИХ-ын даргад хүсэлт хүргүүлсэн юм. Банкны салбарын асуудалд ямар шинэчлэл хийх талаар зөв хүн электрот намаас мэдээлэл өгнө.
Хоёр. Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх асуудал яригдаж байна. Бид төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурин дээр байна.
Гурав. Засгийн газрын мөрийн хөтөлбөр орж ирсэн. Тус хөтөлбөр нь эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөр дээр суурилсан байх ёстой. Гэтэл МАН-ын мөрийн хөтөлбөрөөс Засгийн газрын мөрийн хөтөлбөр зөрүүтэй байгаа талаар Тухайлбал,
- МАН-ын мөрийн хөтөлбөрт ядуурлыг хоёр дахин бууруулна гээд заасан. Гэтэл үндсэн чиглэл дээр ядуурлын төвшинг 2025 он хүртэл 20-30 хувь бууруулна. Харин Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт ядуурлыг тууштай бууруулна гэсэн тодорхой тоогүй, заасан хугацаагүй байна.
- МАН-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын нэг хувиас хэтрүүлэхгүй хэмээн тусгасан. Харин үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулсан байна гэсэн бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр зээлийн хүүтэй холбоотой нэг ч зүүлт заалт тусгаагүй.
- МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэн бүрийг эрүүл мэндийн оношлогоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлнэ хэмээн заасан. Гэтэл үндсэн чиглэлд оношшилгоо шинжилгээнд хамрагдах хамаарлыг нэмэгдүүлнэ гэсэн бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр тогтмол хамрагдах нөхцөлийг сайжруулна гэж тусгажээ. Энэ мэт нөгөө амлаад байдаг мөрийн хөтөлбөрүүд нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой тусаагүй байна.
Харин зөв электрот эвслийн гишүүд дээрх гурван асуудлын талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Банкны шинэчлэл, зээлийн хүүгийн асуудлын талаар Зөв электрот эвслийн гишүүн Б.Найдлаа "Хэрэв банканд хяналт шалгалт илэрсэн бол аль болох хурдан журмынх нь дагуу арга хэмжээ авах ёстой. Нэгэнт муудсан банк сэхэх нь ховор. Тиймээс журмынх нь талаар явуулах ёстой. Арга хэмжээ авч явуулаагүйгээс болж Капитал банк иргэд болон аж ахуйн нэгжүүд хохирч байна. Тухайн банк шаардлага хангахгүй л бол тодорхой шийдвэртэйгээр явуулах хэрэгтэй.
Мөн Монголбанкны хяналт шалгалтын чанарыг эрс сайжруулах хэрэгтэй. Хэдийгээр Монгол банк бусад банканд хяналт явуулдаг ч өмнөх шалгалт явуулж байсан банкуудаас илүү илэрсэн зөрчил, үр дүнг нь нуусан. Тиймээс Монгол банкны хяналт шалгалтыг эрс сайжруулах хэрэгтэй. Түүнчлэн Банкны салбарын асуудал дангаараа яригдахгүй. Үүний цаана бизэе эрхлэгчид орно" хэмээв.
Төсвийн тодотголын асуудлын талаар Зөв электрот эвслийн гишүүн Б.Мөнхсоёл "Төсвийн тодотгол дээр манай ажлын алба дүн шинжилгээ хийсэн. Тус төсвийн зарлагыг харахаар тодотголын төсөл дээр 14.6 их наяд төгрөг болгож, 700 гаруй тэрбумаар нэмэгдүүлсэн. Хэдийгээр мөчлөг сөрсөн буюу ажлын байр хадгалах бодлого хэрэгжүүлэх ёстой гэж хэлж байгаа ч хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын жагсаалтыг харахад хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлээгүй байна. Үүнээс илүү чухал, тулгамдсан асуудлууд байгаа.
Тухайлбал, гадаадад гацсан иргэдийн талаар Т.Доржханд гишүүний асуулгад Шадар сайд Я.Содбаатар хариу ирүүлэхдээ 12,727 иргэн 55 орноос ирэх хүсэлт гаргасан, Чех, Тайландаас 200 гаруй иргэнээ татан авчрахад 6.6 тэрбум төгрөг гаргасан талаар мэдээлэл өгсөн. Эндээс гадаадад байгаа нэг иргэнийг авчрах дундаж зардал 3.3 сая төгрөг бол нийт иргэнээ авчрахад хэдэн төгрөгийг татаас гаргаж болохыг судлахад 42 тэрбум төгрөг болж байгаа. Тэгвэл хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлээд, тухайлбал, Хэнтий аймагт барих гэж буй соёлын төвүүд, мөн нийслэлд музей, номын сантай холбоотой тулгамдсан бус хөрөнгө оруулалтыг хасахад 47 тэрбум төгрөг болж байна.
Төсвийн тодотголоор зарлагаа нэмж, төсвийн алдагдлыг 4.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьд хүргэж байна. Түүнчлэн төсвийн тодотголтой холбоотой дагалдах хуулиудыг бид харахад тэр дунд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль байгаагүй. Гэтэл уг хуулийг өчигдөр өргөн барьсныг олж мэдлээ. Дараалал яаж яваад байна вэ. Хууль зөрчсөн хойноо эргээд хуулиа өөрчилдөг болох уу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зургаа дахь удаагаа өөрчлөх гэж байна. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуульд оруулж, хөдөлгөхгүй болгох хэрэгтэй" гэлээ.
Харин засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар Зөв хүн электрот эвслийн гишүүн Д.Гантулга хэлэхдээ "Бид УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг харьцуулан судалсан. Тухайлбал,
МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Ядуурлыг хоёр дахин бууруулна” гэж тусгасан. ҮСХ-ноос танилцуулснаар Монгол Улсад сарын 166,500 төгрөг ба түүнээс бага хэрэглээтэй буюу ядуу 900 мянган иргэн байна. 2024 он хүртэлх хүн амын өсөлтөө тооцохоор МАН нийт 500 мянган хүнийг ядуурлаас гаргана гэсэн үг. Гэтэл Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ энэ тоог 30% болгосон бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Ядуурлыг тууштай бууруулна” гэж тусгасан.
Энэ яагаад чухал гэхээр УИХ-ын сонгууль бол даргыг сонгох бус, мөрийн хөтөлбөрийн сонгууль. Мөрийн хөтөлбөр дээр тусгасан бол хэрэгжүүлэх ёстой. Ядаж хэрэгжүүлэхээр зорилт тавих ёстой. Анхнаасаа мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа судалгаа тооцоон дээр суурилсан гэж ярьж байсан ч тийм зүйл алга" гэсэн юм.