“Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” хэлэлцүүлгийг өчигдөр хийлээ. Үүнтэй холбогдуулан оролцогчид асуулт тавьж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн болон УИХ-ын зарим гишүүнээс хариулт авав. Мөн энэ талаар судлаачид илтгэл тавьсан юм.
Л.Мөнхсайхан (хуульч): -Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг, газрын хэвлий, түүний доорх баялаг нь ард түмний мэдэлд байна гэж заажээ. Гэтэл 6.2-т төрийн нийтийн өмч гэж томьёолсон учир ард түмэнд газар нутаг нь хамааралгүй гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, ард түмний баялгийг тэднээс салгаж аваад дөрвөн жилд нэг удаа байгуулагддаг төр өөрөө захиран зарцуулах эрхийг авах нь гэж ойлгох нь зөв үү?
Д.Лүндээжанцан (Ерөнхий сайдын зөвлөх):-Зохион байгуулагдсан ард түмнийг төр гэнэ. Хэсэг бүлгийг төр гэж ойлгож болохгүй. Ард түмэн төлөөлөгчдөө илгээж, төрийг байгуулдаг. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон УИХ бол ард түмний төлөөлөл. Үүнээс илүү төлөөлөх хэлбэрийг одоогоор гаргаагүй байгаа. Ард түмний санал асуулгаар асуудлыг шийдэж болно, харин төлөөлөл үүсэхгүй. Тиймээс төрийн өмч гэдэг нэр томьёог 1992 оноос хэрэглэж ирсэн. Төрийн өмч буюу газрын лицензийг УИХ-аас авхуулаад яам, тамгын газар, агентлаг олгож ирсэн. Үүнийг шийдэх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэх үгийг илүү тодруулъя гэдэгт санал нэгдсэн. Тэгэхээр иргэдийн төлөөлөл болох УИХ чухал шийдвэрээ гаргах, ингэхдээ иргэдийнхээ саналыг сонсож, тэдний хяналт дор ямар нэг шийдэлд хүрэхийг органик хуулиудаар нарийн зохицуулж өгье гэсэн юм. Гол зарчмыг нь суулгаж, төрийн нийтийн өмч гэсэн. Үзэл баримтлалыг нь алдагдуулахгүйгээр бусад хуульд зохицуулалт оруулах нь зүйтэй.
С.Ганбаатар (УИХ-ын гишүүн): -Нийтийн өмч хулгайлагдаад 30 жил болсон. Оюутолгой, Бороо гоулд, Эрдэнэтийн гээд 2783 лиценз санаа зовнимоор байдалд байна. Үүнээс болж ирээдүй хойчдоо өвлүүлэх газар нутаггүй болох нь гэж иргэд эмээж байгаа. Засаг, төрийн дур зоргоороо аашлахыг хязгаарлах гэж Үндсэн хууль оршин тогтнодог хэмээн Б.Чимид гуай хэлжээ. Үндсэн хуулийн талаар иргэдэд тэгж тайлбарла, түүнийг нь ярихгүй гэсэн өнөөдрийн эл байдал нь төр засгийн дур зоргыг хязгаарлахын эсрэг байна. Төрийн нийтийн гэдгийг ард түмний өмч гэж тайлбарлалаа. Тэгвэл ард түмний өмч гэж заалт оруулахад юу саад болсон юм бэ. Үндсэн хуулийн тайлбарыг хэн хийх эрхтэй юм бэ. Цэц тайлбар хийнэ гэж та бүхэн ярилаа. Тэгвэл өнөөдөр хэн ч уг заалтыг тайлбарлах эрхгүй юм биш үү?
О.Мөнхсайхан (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч): -Үндсэн хуулийн утгыг иргэд, судлаачид тайлбарлаж болно. Гэхдээ энэ бол албан бус тайлбар. Албан ёсны тайлбар нь төрийн шийдвэрүүдээр илэрхийлэгддэг. Үндсэн хуулийн заалтуудыг тодорхой болгосон хуулиудыг парламент баталж буй нь нэг талаар тайлбар нь мөн. УИХ-аас баталсан хууль нь Үндсэн хуулийн зөв тайлбар биш гэж үзвэл маргаан үүсдэг. Үүнийг эцэслэх газар нь Үндсэн хуулийн цэц. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс нийтийн өмч гэж томьёолох санал оруулснаас хойш энэ талаар маш их хэлэлцсэн. Улс төрийн 20 гаруй нам оролцож, байр сууриа илэрхийлж, олонхын саналаар зөвшилцсөн. УИХ ч олон үндэслэлийг харгалзаж, энэ нэр томьёог сонгосон. Төрийн нийтийн өмч гэж томьёолсноор газрыг гадаадын иргэнд өмчлүүлнэ гэсэн ойлгож болохгүй.
С.Ганбаатар:-Монголын 3.2 сая иргэн ард түмний өмч гэдэг нэр томьёог дэмжиж буй тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж бий юү?
О.Мөнхсайхан:-Үндсэн хуульд 19 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч удахгүй дахин засварлах тухай ярих юм бол “Эцэг хууль”-ийн мөн чанар, ойлголт үгүй болно.
П.Шинжээравдан (иргэн):-Төрийн нийтийн өмчийг ард түмнийх гэдэгтэй адил гэлээ. Үүний хүрээнд тухайн үед ард түмнээсээ санал асуулга авчихгүй яасан юм бэ. Одоо бүх нийтийн санал асуулга явуулах боломж бий юү?
Г.Занданшатар (УИХ-ын дарга):-Ардчилсан нийгэмд хэн ч дур зоргоороо авирлахыг хориглож буй. Үндсэн хуулийн үзэл санааг мушгиж, гуйвуулж, хэрэгжилтээс нь татгалзуулах, бүх нийтийн санал асуулга явуулж, реформыг зогсоох нь үндэсний аюулгүй байдалд харшилж буй гэмт үйлдэл. Хэрвээ төрийн нийтийн өмч гэж заалт оруулсан нь буруудвал би хариуцлага хүлээе. Энэ том ажлыг санаатайгаар, санамсаргүйгээр зогсоох гэж буй бол улс орны эсрэг үйлдэл болно.
Бэлтгэсэн: Б.Нархан