Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн 19 ажилтанд шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан Ц.Туваан нар оролцож салбартаа тэргүүлж ажилласан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагнал гардуулсан юм. Дээрх арга хэмжээтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон эмч мэргэжилтнүүдээс дараах тодруулгыг авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Өнөөдөр эмнэлгийн ажилтны өдрийг тохиолдуулан Хавдар судлалын төвийн эмч мэргэжилтнүүдийн туг өргөх ёслол боллоо. Энэхүү туг өргөх арга хэмжээ нь эмч мэргэжилтнүүд баяраа олноороо цуглаж тэмдэглэхдээ биш ажил мэргэжлээрээ бахархах, эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хувь нэмрээ дээдлэх үйл явц юм.
Түүнчлэн өнөөдөр эрүүл мэндийн салбарын хувьд нэн тэргүүний шийдэх асуудал нь санхүүжилтийн тогтолцоогоо эрүүл болгох хэрэгтэй. Үүний тулд өртөгт шингэсэн төлбөрийн тогтолцоо, даатгалын шинэчлэл их чухал. Манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг зүйл нь энэхүү даатгалын шинэчлэлийн асуудал. Үүнийг зөв болгосноор эмнэлгүүд бие даасан бүтэцтэй болно. Өөрөөр хэлбэл, даатгалын байгууллага даатгуулагчдаа эмчилсэнд баярлалаа гээд эрүүл мэндийн салбарт төлбөр төлөх ёстой. Харин эмнэлгүүд ирсэн иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэх гэсэн зарчмаар ажиллавал наад зах нь иргэд оочер дараалалгүй үйлчлүүлнэ.
ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ: Жил бүрийн наймдугаар сарын хоёрдугаар долоон хоногт Монгол улсын эмнэлгийн ажилтны өдөр тохиодог. Тэр ч утгаараа ирэх жил манай Хавдар судлалын үндэсний төвийн 60 жилийн ой тохиох гэж байна. Ойгоо угтаж бид 60 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр хамгийн эхний ажил нь энэхүү туг далбаа өргөх ёслол юм.
Анх Хавдар судлалын үндэсний төв нь 1961 онд "Цацраг туяа эмнэлэг" нэртэйгээр байгуулагдан 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 500 гаруй ажилтантай үндэсний хэмжээний төв болсон байна. Тэр дундаа хүн амын дундах хавдрыг бууруулахад мэргэжлийн төвшний туслалцаа, дэмжлэгийг үзүүлдэг гол байгууллага болсон. Түүнчлэн бид аймаг орон нутгийн хавдар судлалын чиглэлийн хүмүүстэй ч хамтран ажиллаж байна. Манай улсын хувьд хавдрын өвчний улмаас жил бүр 4000 орчим хүн нас бардаг. Энэ байдлыг бид өөрчлөх бололцоотой юм.
Мөн эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар шалгарсан хүмүүсийн төлөөллөх болох ХСҮТ-ийн химийн тасгийн эмч Э.Сайханцэцэгийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "2005 оноос эхэлж Хавдар судлалын химийн тасагт ажиллаад 15 жил болж байна. Ажил мэргэжилдээ тасралтгүй ажилласны үр дүнд өнөөдөр салбарынхаа тэргүүний эмч болсондоо баяртай байна. Манай химийн тасгийн хувьд өдөртөө 30-35 хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Бүх эмч мэргэжилтнүүддээ эмнэлгийн ажилтны баярын мэнд хүргэе.