УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Доржханд цар тахалтай холбоотой гаднаас одоогоор хэчнээн хэмжээний мөнгө орж ирсэн талаар асуув.
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Гадны зээл тусламжийн нэг хэсэг нь орж ирээд төсвийн дэмжлэг болж явдаг бол нөгөө нэг хэсэг нь төсөл болдог.
Төсвийн дэмжлэг хэлбэрээр өнөөдрийн байдлаар 299 сая ам.доллар орж ирээд байгаа. 99 сая нь ОУВС, 100 сая нь АХБ-ных. Оны эхээр Дэлхийн банкнаас 100 сая доллар орж ирсэн. Цаашдаа дахиад ЖАЙКА-тай, Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнаас мөн төсвийн дэмжлэг болгон авах чиглэлээр гэрээ хэлцлүүд хийж байгаа.
Мөнгө өгч байгаа хүмүүс өөрсдөө маш хатуу хяналттай байдаг. Хэн нэгэн тэнд санаан зоргоор урсгах боломж байдаггүй. Сангийн яам энэ бүхэн дээр аудит хийлгээд хаанаас ямар эх үүсвэр орж ирж, юунд зарцуулагдсаныг мэдээлнэ" хэмээн хариуллаа.