Нийслэлд засварын ажил нь хийгдэж байгаа болон ашиглалтад орох эмнэлгүүдийн талаар НМЭГ-ийн дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар таван байгууллагад хэсэгчилсэн засвар хийгдэж байна.
Тухайлбал, Баянгол болон Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн засварын ажил тус бүр 70 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Түүнчлэн Хан-Уул болон Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн засварын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.
Ашиглалтад орох барилгын тухайд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил 96 хувьтай явагдаж байгаа бол Нийслэлийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдлээ.
Харин Баянзүрх дүүргийн 21-р хорооны эмнэлэг, Багануурт дүүрэгт дэх 50 ортой төрөх эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эмнэлэг болон тус дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажил тус бүр 70-80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Эдгээр засвар болон ашиглалтад орох барилгын ажлууд есдүгээр сарын 15-н гэхэд дуусах юм" хэмээлээ.