-Сөүл-Улаанбаатарын нислэгээр АНУ, Тайвань, Тайланд, Малайз, Канад зэрэг улсаас 267 иргэнээ авчирлаа-
2020.08.15 Агаарын хөлгийн хүнгэнэх чимээ. Халдвараас хамгаалах цагаан хувцас өмссөн “харь гараг”-ийн гэмээр хүмүүс энд тэнд харагдана. Хоёр майхан дотор мөн л тийм хүмүүс завгүй ажиллана. Ногоон, шар, улаан утас татсан хоритой бүс. Нэг л таагүй мэдрэмж төрүүлж буй энэ газар бол “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал. “Ковид-19” хэмээх халдварт өвчин дэлхий нийтийг айдаст автуулаад найман сар болж байна. Эл хугацаанд Монгол Улс гадаадад гацсан 16 мянга гаруй иргэнээ татан авчирчээ. Тэд багагүй бэрхшээл давж, эх орондоо ирсэн бөгөөд манай улс ч нөөц, бололцоондоо тулгуурлан иргэдээ татан авсаар байгаа билээ. УОК болон цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албаныхан онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж буйг сурвалжиллаа. Тэд иргэдээ яаж аюулгүй авчирч, ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийж байна вэ.
Гэрэл зурагчныхаа хамт хамгаалалтын хувцас өмсөж, УОК-ын зөвшөөрлөөр дотогш нэвтэрлээ. Нүдний шил, амны хаалт, малгай, улавч, бээлий зэргээр “хуяглаж”, ширхэг үс ч ил гарах боломжгүйгээр нислэгийн талбайд хөл тавив.
Онцгой байдлын алба, Зоонозын өвчин судлалын үндэсний төв гэсэн хаягтай тээврийн хэрэгсэл, улаан, шар гэрэл анивчуулсан цагдаагийн албаны автомашин эгнэн зогсжээ. Алба хаагчид автомашинаасаа буулгүй, эргэн тойрныг хянах юм. Харин майхан дотор ЗӨСҮТ, ОБЕГ-ын алба хаагчид ариутгал, халдваргүйтгэл хийж байлаа. Тэднээс гадна мэргэжлийн хяналт, гааль, тагнуул зэрэг байгууллагын 200 орчим алба хаагч нэг нислэгийн үеэр ажилладаг юм байна.
08.40 цагт Улаанбаатараас Сөүл рүү хөөрсөн МИАТ-ийн “Боинг 767-300” загварын онгоц 17.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Өмнөх өдөр нь мөн Сөүлээс монгол иргэдээ татан авчирсан. Монгол руу ирэх нэг зорчигч Сөүлийн Инчон олон улсын нисэх буудалд халуурсан, мөн Солонгосын талын бүртгэлийн систем гацсанаас нислэг дөрвөн цаг саатаж, 21.15 цагт “Буянт-Ухаа”-д газарджээ. Энэ удаагийн нислэг товлосон цагтаа ирсэн ч зорчигчдын нэрсийг нэгбүрчлэн дуудаж буулгах, тусгаарлах байранд хуваарилах, хувцас, ачаа тээшийг нь ариутгах зэрэг ажил гурван цаг гаруй үргэлжилсэн. Эл онгоцоор 125 иргэн БНСУ-ыг зорьсон байна. “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын улсын хоёр байцаагч тус онгоцоор зорчигчтой хамт нисэж, эх орондоо ирж буй иргэдийн эрүүл мэндийг хянаж, бүртгэл мэдээллийг нягтлах ажилд томилогджээ. Тэд 06.00 цагт нисэх онгоцны буудалд ирж, бэлтгэл, бэлэн байдлаа ханган, онгоц газардахаас эхлээд бүх үйл ажиллагаа дууссаны дараа гэрийн бараа харах аж. Тусгай хамгаалалтын хувцас, хэрэглэл өмссөн тэд нислэгийн үеэр ус ч уух эрхгүй. Зорчигчид ч амны хаалтаа авах хориотой учир дөрвөн цагийн нислэгийн үеэр балга ч ус уухгүй ирдэг байна. Харин зургаагаас дээш цагийн нислэгт зорчигчдод ус, хавчуургатай талх өгдөг гэнэ. Хүүхэд, өндөр настан, жирэмсэн ээжүүд цөөнгүй ирж буй учраас ийнхүү хөнгөн хооллохыг зөвшөөрчээ.
Амны хаалттай зорчигчид нисэх онгоцны хоёр талын хаалганаас ганц, хоёроороо цувсаар ариутгал, халдваргүйтгэл хийж буй майхан руу нэвтэрсний дараа хуваарилсан автобусанд сууцгаав. Хүний тоо бүрдсэнийг дотоод сүлжээгээр зарлахад хариуцсан мэргэжилтэн нь зөвшөөрөл олгосноор автобус хөдөллөө. Автобусыг бүрэн ариутгаж, нислэгийн талбайгаас гаргах бөгөөд цагдаагийн автомашин хамгаалж, тусгаарлах байранд нь хүргэж өгнө. Тэр хүртэл зорчигчид буух хориотой. Зорчигчдын ачаа, тээшийг тусгай машинаар зөөж, ариутгаад тав хоногийн дараа эзэнд нь хүргүүлдэг аж. Ойр зуурын хэрэгтэй эд, зүйлсээ зорчигч гар цүнхэндээ авч явахыг зөвшөөрнө. Өнгөрсөн сард ирсэн зорчигчид “ширүүн” байсныг тэнд ажиллаж буй хүмүүс дуулгав. Элдэв уриа лоозон барьж буухаас гадна, онгоцон дотор согтуурч, улсын байцаагч нартай маргалдаж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байх зэргээр асуудал үүсгэжээ. Үүний зэрэгцээ агаарын хөлөгт ихэр охин мэндэлж, бие нь хүнд нэгэн нас барсан.
“Хоёр оо, сонсож байна уу, 45 зорчигч суулаа. Автобусыг бүсээс гаргалаа” гэх мэт мэдээллийг дотуур холбоогоороо тасралтгүй хүлээн авах нэгэн бүсгүйтэй уулзав. Түүнийг Б.Жаргал гэдэг. “Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч. Тэрбээр “Сөүл-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлөгт улсын хоёр байцаагч ажиллаж, 267 зорчигчид тандалт хийлээ. Зорчигчдоос эрүүл мэндийн хуудсаар мэдүүлэг авч, халууныг нь хэмжсэн. Халуурсан болон ямар нэгэн шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ рүү шилжсэн зорчигч алга. Цэргийн төв эмнэлэг рүү нэг, үлдсэн зорчигчийг тусгаарлах байр луу шилжүүлж байна. Бүх зорчигчийг тусгаарлах байранд хүргэсний дараа ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд иргэдийн хамар, залгиураас арчдас авч, PСR шинжилгээ хийнэ. Түргэвчилсэн оношлуураар шинжлэхгүй байгаа. Өнөөдрийн (08.15) нислэгээр БНСУ, АНУ, Тайвань, Тайланд, Малайз, Канад, Катар, Сингапур, Макао, Индонез зэрэг улсаас дамжин ирсэн 267 иргэнээ таван авсан. Элчин сайдын яамны хоёр дипломат ажилтан ирсэн. Гадаад улсын өөр иргэн ирээгүй” гэв.
Улаан уяа татсан хориотой бүс рүү нэвтрэх автобусыг ариутгасны дараа зорчигчдыг суулгаж, гарахад нь дахин халдваргүйжүүлэв. 45 хүний суудалтай долоон автобус тусгаарлах байр луу хөдөлсөн. Тусгаарлах байр тойрсон асуудал одоо ч намжаагүй. Улаанбаатар хотод тусгаарлах 37 байранд 3274 хүн байгаа аж. Орон нутагт 17 байршилд 518 иргэнийг тусгаарлажээ. Тусгаарлах байрны хүрэлцээний талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, ахмад Д.Төмөрчөдөрөөс тодруулахад “Улаанбаатар хотод 230 орчим зочид буудал, амралтын газар үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 25 хувь нь гал тогооны өрөөгүй, 30 орчим хувь нь нийтийн бие засах газартай, 20 гаруй хувь нь усан хангамжаа шийдвэрлээгүй. Тиймээс шаардлага хангасан цөөн газарт иргэдээ байршуулж байгаа. Иргэний сонгосноор буудлыг нь солих боломжгүй. Эмнэлгийн тусламж зайлшгүй хэрэгтэй, өвчинтэй хүнийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Цэргийн төв эмнэлэгт 68 хүн тусгаарласан. Зарим байранд 10 гаруй эмч ажиллаж байна. Цар тахал дэгдсэн энэ үед тусгаарласан иргэд амралтад буй мэтээр аашлах нь бий. Хуулийн хүрээнд зарим эрхийг нь тодорхой хэмжээгээр хязгаарлана, Тухайлбал, байрнаас гарахгүй, архи, тамхи хэрэглэхгүй гэх мэт. Гэтэл зарим нэг иргэн цонхоор гарч, баар, цэнгээний газарт орж байна. Согтууруулах ундааг элдэв аргаар нэвтрүүлэх гэж оролддог. Тараг, сүүний саванд гялгар ууттай архи хийж байна. Цэвэр сүүний сав руу тариураар архи шахаад, лацыг нь эвдэхгүйгээр оруулж байсан. Тамхийг мөн янз бүрээр оруулж байна. Өөр өрөөнөөс тамхи авах, нэг нь нөгөөдөө цонхоороо дамжуулах зэрэг зөрчил гаргасан. “Бэлэн гоймон идмээр байна” гэхээр нь оруулсан чинь 100 граммын шилтэй архийг жимбийтэл өрөөд хийчихсэн байх жишээтэй. Мөн ар гэрийнхэн, найз нөхөд нь гялгар уутанд архи хийгээд цонхоор нь шидэж байна. Эх орондоо ирсний дараа нь нэг удаа эргэлт оруулж байгаа. Түүнээс хойш долоо хоногт нэг удаа эргэлт авахыг зөвшөөрдөг. Эм, тариаг нь эмчийн хяналтаар өдөр болгон нэгбүрчлэн өгч байна. Хүнд өвчинтэй хүмүүсийн ар гэрийнхнээс хамтад нь тусгаарлах боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй тусгаарлах хэд хэдэн байранд иргэдийг хүлээн авахаа больсон” гэлээ.
Онгоц хэдий цагтаа газардсан ч сүүлчийн хүнийг автобусанд суулгах, хориотой бүсээс гаргах хүртэл багагүй цаг зарцуулав. Хүүхэдтэй хүн цөөнгүй харагдсан бөгөөд тэд ямар нэг хэл ам гаргалгүй, автобусандаа суусан юм. Бид хамгаалалтын хувцсаа тайлж, хогийн саванд хийсний дараа техник, хэрэглэл болон гар, гутлын улаа ариутгуулаад ирсэн хувцастайгаа хашаанаас гарлаа. Зарим алба хаагч барьсан майхнаа буулгаж, ачаа, тээшийг ариутгаад үлдсэн. “Халдвар хамгааллын дэглэм зөрчвөл 21 хоног тусгаарлана шүү гэж “айлгасан”” төрийн алба хаагчид аргагүй л эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэж байна. Тэнд очсоны дараа л аюул ойрхон буйг ойлгосныг нуух юун.