АНУ-ын Халуун орон, анагаах ухааны сэтгүүлд “Ковид-19”-ийн талаарх худал хуурмаг мэдээлэлд улс орнууд хэр өртсөн талаарх судалгааны үр дүнг нийтэлжээ. Судалгааны дүнд худал хуурмаг мэдээлэлд хамгийн их өртсөн орны жагсаалтыг гаргасан бөгөөд АНУ, Энэтхэг улс тэргүүлсэн байна. Дараагийн байрт Британи, Испани, Хятад улс оржээ. Харин хамгийн үнэн бодит мэдээлэлтэй улс орны жагсаалтад Монгол Улс багтсаныг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Тус яамныхан өдөр бүр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж буй бөгөөд өчигдрийнх 276 дахь нь байжээ. “ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй мэдээллийг хүлээн авч, зөвлөгөөг хэрэгжүүлэн, найман сарын турш бидэнтэй хамт вирусийн эсрэг хамтдаа тэмцэж байгаа иргэддээ баярлалаа. Цаашид ч амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угаан, бусдаас зай барих зөвлөмжийг хэрэгжүүлээрэй” гэж тус яамны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Түүнчлэн Европын сэтгүүлүүдэд монголчуудын 80 хувь нь амны хаалт зүүж байгаа нь дэлхийд дээгүүр үзүүлэлт болохыг онцолсныг тэрбээр уламжилсан.
Бэлтгэсэн: М.Оч