Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллах үеэрээ тус аймгуудад амьдардаг ээжүүдэд одонг нь гардуулсан билээ.
Харин өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг 1,021 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 36, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 985 ээжид тус тус хүртээлээ.