"Ковид-19" халдварын талаарх эрдэмтдийн судалгаа, шинжилгээний тоймыг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн танилцууллаа.
1. Английн Кингс коллежийн хийсэн судалгаагаар өвчтөнтэй тулж харьцдаг, байнга асаргаа сувилгаа хийдэг эрүүл мэндийн ажилчид хувийн хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмссөн ч коронавирусийн халдвар авах эрсдэл бусад хүнтэй харьцуулахад гурав дахин илүү байна гэж дүгнэжээ.
2. Чехийн шинжлэх ухааны академийн эрдэмтэд коронавирусийн РНХ хүний биеийн эстэй холбогдох үед үүсдэг NSP10, NSP16 нэртэй уургийн бүрдлийн бүтцийг нарийвчлан судалжээ. Эдгээр уургийн бүрдэл болон үйл ажиллагааг нарийвчлан судлах нь цаашид олон зүйлийн коронавирусийг эмчлэх эмийг бүтээхэд чухал ач холбогдолтой ажээ.
3. Калифорнийн их сургуулийн инженерийн коллежийн оюутнууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар коронавирусийн дэгдэлтийг засаг захиргааны хамгийн бага нэгжийн төвшинд ч урьдчилан тооцоолох боломжтой програм зохион бүтээжээ. Ингэснээр шийдвэр гаргагчид бодит мэдээллийг ашиглан шийдвэр гаргах боломжтой гэлээ.
4. АНУ болон Хятадын эрдэмтэд хамтран метронд коронавирусийн халдвар тархах магадлалыг тооцжээ. Халдвартай хүний хажууд сууж байгаа зорчигч халдвар авах эрсдэл хамгийн өндөр буюу 3.5% хувьтай. Харин нэг эгнээнд сууж байгаа зорчигчид халдвар тархах байдал 1.5% байна. Мөн судлаачид халдвартай хүн сууж байсан суудал дээр дараагийн хүн суухад өвчин дамжих эрсдэл 0.075% гэж дүгнэжээ. Тиймээс судлаачид халдвартай хүнтэй нэг эгнээнд сууж байгаа зорчигчид 1 цагийн туршид хамт зорчвол 1м-ээс илүү зайг баримтлах ёстой бол 2 цагийн хугацаанд хамт зорчвол 2.5м-ээс илүү хол зайтай суух ёстой гэнэ.
5. N95 амны хаалтыг 50%-ийн чийгтэй, 70 хэмийн халуунаар 60 минутын туршид халдваргүйтгэхэд коронавирус бүрэн устаж байгааг Торонтогийн SickKids эмнэлгийн судлаачид мэдээлжээ. Энэ аргаар 10 удаа N95 амны хаалтыг халдваргүйтгэж хэрэглэхэд амны хаалтын чанарт өөрчлөлт орохгүй юм.
6. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд залуучуудын дунд судалгаа хийсэн байна. Судалгаагаар электрон тамхи татдаг залуус коронавирусийн халдвар авах магадлал тамхи татдаггүй хүмүүсээс тав дахин илүү байжээ. Мөн электрон болон энгийн тамхи хослуулан татдаг бол халдвар авах эрсдэл 7 дахин илүү байгааг тогтоосон байна.