Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Д.Дөлбаяр болон түүний эхнэр Н.Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах хүсэлтээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргажээ.
Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшин, улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бол түүний эхнэр Н.Буяннэмэх ерөнхий мэргэжлийн эмч юм. Тэд төрөлх нутагт нь эмчийн дутагдалтай байгааг сонсоод дээрх шийдвэрийг гаргажээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түүний энэхүү хүсэлтийг баяртайгаар хүлээн авчээ. Түүнчлэн энэхүү үйлдэл нь эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутаг дахь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулж байгаа “Эмч гэр бүл”-ийн томоохон хувь нэмэр гэдгийг онцоллоо.
Мөн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах санаачилга гаргаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургалтад хамруулах, мэргэшүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах, мэргэжлийн зэрэг ахиулах, нэг жилийн багц цагийг бүрдүүлсэнд тооцох зэрэг дэмжлэгийг үзүүлэх аж.