Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвар дэлхийн 16 улс оронд бүртгэгдэж, 20 сая 718 мянган хүн өвчилсөн байна. Үүнээс 752 мянган хүн нас барж, 13 сая гаруй хүн эдгэрлээ. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 276 мянган хүн халдвар авч, 6,000 хүн нас баржээ. Мөн энэ хугацаанд Энэтхэгт 64,000 хүн, Бразилд 60,000 хүн, АНУ-д 56 хүн шинээр халдвар авсан байна.
Түүнчлэн ОХУ-ын хувьд өчигдөр 5,000 гаруй хүн халдвар авсан бол БНХАУ-д 99 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Харин Япон улсад хамгийн их буюу 1176 хүн шинээр халдварлажээ.
Мөн хичээл эхлэх болсонтой холбогдуулан ДЭМБ болон НҮБ-ын хамтарсан судалгаагаар дэлхийн улс орнуудын хүүхдүүдийн 43 хувь нь савантай усаар гараа угаах боломжгүй байна гэлээ. Тиймээс бид хүүхдүүдийн гараа угаах нөхцөлийг бүрдүүлж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ.
Түүнчлэн АНУ болон Итали улсад тав хүртэлх насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн хамар, залгиурт насанд хүрэгчдээс 10-100 дахин илүү вирус агуулагдаж байгааг тогтоожээ. Эдгээр хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвддөг ч цаашдаа хүндрэх эрсдэл өндөр байгаа аж. Манай улсын хувьд өчигдөр шинээр есөн хүн тусгаарлагдсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 3,269 хүн тусгаарлан ажиглах байранд байна" гэлээ.