ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдаж, үүнээс 269 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 46 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 207 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан байна.
ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн 26 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байгаа юм. Энэ хоёр хүн нь 65-аас дээш насны, астма, чихрийн шижин өвчний хавсарсан эмгэгтэйгээр эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-д одоогийн байдлаар нийт 40 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад тусгаарлагдаж байна” гэж хэлэв.