Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 19736000 мянган хүн өвчилж, 12 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
ОХУ-д гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 273 хүн шинээр коронавирусийн халдвар авсан. Мөн Японд сүүлийн арваад хоног коронвирусийн халдвар эрчимжиж байгаа билээ. Иймд дэлхий нийтээр хамтран коронавирустэй тэмцэх цаг нэгэнт болсныг ДЭМБ-ийн захирал онцолсон.
ОХУ-д сүүлийн 25 цагт 5,180 хүн шинээр халдвар авч 77 хүн эндсэн ба Япон улсад өвчлөл сүүлийн сар гаруй хугацаанд нэмэгдэж байна.
ОУ-ын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн орны нийт хүн амын 60-70 хувь буюу нарийвчилбал, 66 хувь нь COVID-19-ийн эсрэг дархлаа бий болсон үед халдварын хоёр дахь давлагааг хохирол багатай даван туулж чадна гэж үзсэн байна.
Одоогийн байдлаар ийм өндөр хувьтай дархлаа тогтсон улс нэг ч алга. ОХУ гэхэд нийт хүн амынхаа 20 хувь, Герман улс нийт хүн амынхаа 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар дэлхийн бүх улс орон, бүх хүн эрсдэлтэй гэж эрдэмтдийн хамтарсан судалгааны дүн харуулав.
Мөн АНУ-ын томоохон мужийн нэг сургуульд багш, сурагчид нь коронавирусийн халдвар авсан. Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалтаа зүүж хэрэглэхийг уриалж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад 3358 хүн тусгаарлах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 79 иргэн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал хүнд байна" гэлээ.