“Ирэх өвлийг хэрхэн, яаж давна даа. Ханиад, томуу нөгөө айхавтар вирустэй хавсраад, сүйрэл болчих вий” гэсэн айдас, түгшүүр олон нийтийн дунд идэвхэжлээ. Хүйтэн сэрүүний улирал эхлээ ч үгүй байхад бага насныхны дунд томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгааг эмч нар анхааруулсан. Нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд ханиад, хатгалгаатай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тохиолдол нэмэгдсэн гэнэ. Хүн амын дунд өдгөө аденовирус, реновирус, энтеровируст халдвар бүртгэгдээд байгаа аж. Эдгээр нь томуу төст болон гар, хөл, амны, гэдэсний халдварт өвчин үүсгэгч бөгөөд томуугийн вирусээс хор хөнөөл харьцангуй багатайгаараа ялгаатай. Тодруулбал, А, В хүрээний вирусээр үүсгэгддэг нь томуу. Харин томуу төст өвчин нь эдгээрээс бусад буюу дээр дурдсан вирусүүдээр халдварладаг юм байна.
...ДЭМБ улс орнуудын томуугийн тархалтын судалгаанд үндэслэн, жил бүрийн хавар тухайн бүс нутагт хэрэглэх вакцины найрлагыг зарладаг. Үүний дагуу ДЭМБын шалгуур хангасан вакцин үйлдвэрлэгч орнууд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Энэ үе шатаар бол өнөө жил хүн амыг дархлаажуулах вакцины найрлага хэдийн тодорхой болсон байх учиртай. АНУ тэргүүтэй бусад улс орон 2020-2021 онд хэрэглэх томуугийн вакцинаа одооноос нийлүүлж эхэлснийг юу гэх вэ...
Аливаа халдварт өвчний тархалтыг хязгаарлах үр дүнтэй хэд хэдэн арга байдаг талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Вакцинжуулалт, эрт илрүүлж, эмчлэх, хөл хорионы дэглэм тогтоох” гэж тодорхойлсон. Харин манай улс жил бүр нүүрлэдэг гамшиг, тахлаасаа урьдчилан сэргийлж, арга хэмжээ авч чаддаггүйг ханиад, томуу, хатгалгаагаар өвчлөгсдийн тоо харуулах биз ээ. ДЭМБ-аас аль бүс нутагт томуугийн ямар вирусийн омог дэгдэх магадлалтайг холбогдох судалгаануудад үндэслэн гаргадаг бөгөөд улс орнууд түүнийх нь эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж ирсэн. Манай улсын хувьд ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн томуугийн вакциныг жил бүрийн аравдугаар сарын дунд, эсвэл сүүлчээр хийдэг нь хугацаа алдаж, оройтдогийг эцэг, эхчүүд, олон нийт шүүмжилдэг. Албаныхан 10-4 дүгээр сарыг томуугийн улирал гэж тодорхойлдог хэрнээ амьсгалын замын халдварт өвчин дэгдсэний дараа дархлаажуулалтыг зохион байгуулдаг нь учир дутагдалтай аж.
Дархлаа, тархвар судлаач нар “Вакциныг томуугийн улирлыг угтуулж, сарын өмнөөс хийх нь үр дүнтэй” гэдгийг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтыг өмнөх тогтсон хугацаанаас нэг сараар урагшлуулах нь зүйтэй аж. Харин манай сайд, дарга нар томуугийн вакциныг аравдугаар сарын сүүлчээр хийж байж дархлаа тогтоно хэмээдэг билээ. Гэвч тэр үед дээр өгүүлсэнчлэн хүн амын дунд ханиад, томуу дэгддэгээ дэгдэж, хүүхдүүд нус, нулимстайгаа “холилдчихсон” байдаг тул дархлаажуулалтаас хоцордгийг эцэг, эхчүүд хэлж байна. ХӨСҮТ-ийнхөн “Арваннэгдүгээр сар гартал томуугийн вирус “эргэлтэд ордоггүй”.
Тиймээс жил бүр хийдэг дархлаажуулалтад асуудал байхгүй” гэх. Томуугийн энэ удаагийн вакциныг өнгөрсөн жилүүдийнх шиг “гурилдвал” ирэх өвөл бид хатуухан сорилттой нүүр тулж мэдэх юм. Учир нь шинэ төрлийн коронавирусийн халдварын хоёр, гурав дахь давлагаа улс орнуудад эхэлж, хүйтэн сэрүүний улиралд ханиад, томуутай давхцах эрсдэлтэйг эрдэмтэн, судлаачид сэрэмжлүүлсээр байгаа. Манай улс ч эл эрсдэлийг эртнээс тооцож, сэргийлэх талаар ярьж эхэллээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Хүн амын дунд нүд улайх, нус гоожих болон гүйлгэх шинж тэмдгээр илэрдэг реновирусийн халдвар элбэг байна. Өнгөрсөн жил томуугийн А хүрээний H1N1, H3N2, В хэв шинжийн, томуу төст өвчин үүсгэдэг бусад вирусийн халдвар зонхилсон. Өнөө жилийн хувьд иргэдийг, ялангуяа хүүхдүүдийг эмнэлэгт олноор нь хэвтүүлэн эмчлэх боломжгүй. Тиймээс улирлын томуугаас сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд хүүхэд (зургаан сартайгаас дээш), өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, онцгой байдлын алба хаагчид, цэрэг, цагдаагийнхан, архаг, хууч өвчтэй хүмүүсийг гэхчлэн эрсдэлт бүлгийнхнийг томуугийн вакцинд хамруулсан.
Харин энэ онд вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэв. Улсын хэмжээнд сүүлийн онуудад томуугийн 120-159 мянган хүн/тун вакцинаар зорилтот бүлгийнхнийг жил бүр дархлаалжуулж иржээ. Энэ нь хүн амын таван хувьд ч хүрэхгүй хэмжээ юм. ДЭМБ-ын зөвлөснөөр хамгийн багадаа хүн амынхаа 40 хувийг томуугийн вакцинд хамруулснаар дэгдэлтийг бууруулах боломжтой гэж үздэг. Учир нь сэрүүн бүсийн улс орнуудын иргэд томуу, томуу төст өвчнөөр жилд дунджаар хамгийн багадаа дөрөв, түүнээс олон удаа өвддөг гэсэн судалгаа бий. Өвчний шалтгааны 95 хувь нь вирусийн гаралтай буюу сэргийлж болно гэсэн үг. Гэтэл гурван сая гаруйхан хүнтэй манай улсад жилд дунджаар 300, 400 мянган хүн ханиад, томуугаар өвчилж, үүнээс 110-119 мянга нь уушгины хатгалгаатай болж, 380-430 нь нас барсаар байгаа нь эмгэнэл биш гэж үү. Нийслэлд гэхэд л тав хүртэлх насныхны хатгалгааны түвшин 10 000 хүн тутамд 1500-1808 байгаа нь бүсийн бусад улс оронтой харьцуулшгүй өндөр тоо юм.
Насанд хүрэгсдийн хувьд эл үзүүлэлт үүнээс 6-8 дахин цөөн байна. Нөхцөл байдал ийм атал дээрх хэмжээний вакцинаар зөвхөн зорилтот бүлгийнхнийг дархлаажуулах нь хангалтгүй. Д.Нарангэрэл дарга энэ онд томуугийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх талаар мэдээлсэн ч одоогоор хэчнээн хүнийг, хэдий хугацаанд дархлаажуулах нь тодорхойгүй байна. Засгийн газрын энэ сарын 5-ны хуралдаанаар “Ковид-19” цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 109 тэрбум төсөвлөхөөр шийдвэрлэсэн. Үүний 22.3 тэрбум төгрөгийг томуугийн вакцин худалдан авахад зарцуулах юм байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Импортлох вакцины хэмжээг хараахан тодорхой болгоогүй байна. Ямартай ч өмнөх жилүүдийнхтэй ойролцоо хэмжээнийхийг оруулж ирэн, тогтсон хугацаанд дархлаажуулалтыг эхлүүлнэ. Цаашид вакцины хүрэлцээг нэмэгдүүлэх, эсэхийг төрийн захиргааны төв байгууллагууд шийдэх байх” гэлээ. ЭМЯ-ныхнаас эдгээр асуудлаар нэмж тайлбар хүстэл “Хүйтэн сэрүүний улиралд тухайн улс, бүс нутгуудад томуугийн ямар төрлийн вирус дэгдэх магадлалтайгаас хамаарч вакцин үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ирэх өвөл ямар вирус дэгдэх, эсэх нь тодорхой болоогүй. Тиймдээ ч томуугийн вакциныг үйлдвэрлээгүй байна. Гэхдээ бид үйлдвэрлэгдсэн даруйд вакцинаа шуурхай импортолно.
Аль болох цаг алдахгүйг хичээж, төлөвлөж байна” хэмээсэн. ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн өнгөрсөн долоо хоногт томуугийн дархлаажуулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй бололтой. ДЭМБ улс орнуудын томуугийн тархалтын судалгаанд үндэслэн, жил бүрийн хавар тухайн бүс нутагт хэрэглэх вакцины найрлагыг зарладаг. Үүний дагуу ДЭМБ-ын шалгуур хангасан вакцин үйлдвэрлэгч орнууд бү¬ тээгдэхүүнээ нийлүүлдэг. Энэ үе шатаар бол өнөө жил хүн амыг дархлаажуулах вакцины найрлага хэдийн тодорхой болсон байх учиртай. АНУ тэргүүтэй бусад улс орон 2020-2021 онд хэрэглэх томуугийн вакцинаа одооноос нийлүүлж эхэлснийг юу гэх вэ. Бүр тодруулбал, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс ард иргэддээ энэ жил улирлын томуу болон шинэ вирусийн халдвар зэрэг тархахыг анхааруулж, вакцинд заавал хамрагдах шаардлагатайг зөвлөжээ. Манай улсын томуу, томуу төст өвчний тандалтын тогтолцоо дэлхийн жишигт хүрсэн гэдэг.
Шаардлагатай сорьцуудыг ч ДЭМБ-ын лавлагаа лабораториудад баталгаажуулдаг. Дархлаажуулалтын тухай хуульд заасанчлан есөн нэрийн вакцинаар 12 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг нь заавал хийх дархлаажуулалт юм. Үүнээс гадна тархвар судлалын заалтаар, ажил мэргэжлийн шаардлагаар болон сайн дурын үндсэнд вакцин хийдэг билээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны мэдээгээр, улсын хэмжээнд сүүлийн гурван жилд тав хүртэлх насны 223 мянган хүүхэд хатгалгаагаар өвдөж, 162 мянга нь хэвтэн эмч¬ лүүлсэн байна. Жилд дунджаар эл насны 70 гаруй мянган хүүхэд зөвхөн уушгины хатгалгаа тусдаг гэсэн үг. Гэтэл томуугийн дархлаажуулалтыг хугацаа алдаж хийдэг шалтгааныг албаныхан найрлага нь жил бүр шинэчлэгддэгтэй холбон тайлбарласаар. “Хүн амын дунд томуугийн вирус илрээгүй байхад вакцин хийж л байвал заавал өвчин дэгдэхээс 14-30 хоногийн өмнө дархлаажуулах албагүй” гэх тайлбартай ирэх өвлийг угтаж боломгүй сэн.