Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- ын тухай хуулийг шинэчлэн найруулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд баталсан. Уг хуулиар ХЭҮК-ын болон тус комиссын дэргэдэх эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нийт зургаан гишүүнд тавигдах шаардлагыг илүү тодорхой болгож, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажлыг нээлттэй байхаар зохицуулсан. Тодруулбал, дээрх комисс нь таван гишүүнтэй байх бөгөөд түүнд нэр дэвшигч нь 35 нас хүрсэн, хууль зүйн өндөр мэдлэгтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай байх шаардлагатай. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр хууль зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай хүнийг томилох заалттай. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм бүрдүүлэх ёстой учир ийн нэг гишүүнийг сонгон шалгаруулж буй гэнэ.
ХЭҮК нь гурван гишүүнтэйгээр ажиллаж байснаас дарга асан Ж.Бямбадорж нь ажлаасаа чөлөөлөгдсөн бол одоо Н.Ганбаяр, П.Оюунчимэг нар үүрэг гүйцэтгэж байгаа. Хуулийг шинэчлэн баталсан, мөн одоогийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах болсонтой холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ХЭҮК-ын тав болон тус комиссын дэргэдэх эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулсан юм. Тодруулбал, үүнд 24 хүн материалаа ирүүлснээс 19 нь тэнцсэн бөгөөд томилгооны сонсголыг зургадугаар сарын 11, 12-нд явуулсан билээ. Одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд тэднийг танилцуулж, хамгийн өндөр оноо авсан зургаан хүнийг томилох, эсэхийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх аж.
ХЭҮК-ын даргыг гишүүдийнх нь дотроос УИХ-ын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилох юм байна. Мөн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд тэднийг томилсноор одоогийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болох нь.
Бэлтгэсэн: Б.Нандин