Хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн тогтоосноос хойш хүн амын дунд амьсгалын замын болон гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин буурсан. Гэхдээ хүйтэн сэрүүний улирал хараахан эхлээгүй байхад нийслэлийн эмнэлгүүдэд томуу төст өвчин ялангуяа бага насныхны дунд нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхааруулсан. Түүнээс гадна сургууль, цэцэрлэг цуглах үеэр энтеровирус (гар, хөл, амны өвчин)-ийн халдвар ч идэвхждэг. Он гарснаас хойш улсын хэмжээнд уг халдварын 242 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс харьцангуй цөөрсөн дүн. Гэхдээ шалтгаан нь тодорхойгүй энтеровируст халдварын 17 тохиолдлыг илрүүлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодруулахад “Энтеровирус нь coxsackievirus (A16), entervirus (EV71) зэрэг бүлэг вирусээр үүсгэгддэг цэврүүт тууралтат, цочмог халдварт өвчин юм. Халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах зэрэг хордлогын шинж тэмдгээр эхэлж, ихэвчлэн хоолой, залгиур, амны салст, завж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон хонгоор гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг. Энэ нь тохой, өвдгөөр ч гарч болно. Уг халдварын тохиолдлын 90 хувь нь хөнгөн хэлбэрээр явагддаг ч цэцэрлэг, сургуульд өвчин голомтлон тархах хандлагатай байдаг” гэсэн юм.
Энтеровируст халдвар нь далд, балархай, цочмог зэрэг хэлбэрээр хүний хамар, хоолойн шүүрэл, өтгөнд “амьдардаг” байна. Агаар, дуслын замаар болон халдвартай хүний өтгөнөөр дамждаг аж. Өвчний нууц үеийн үргэлжлэх хугацаа дунджаар 3-5 хоног, илэрснээс хойш эхний долоо хоногт халдвар идэвхтэй тараадгийг Н.Сувдмаа эмч хэлсэн. Бүх хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насныхан өртдөг. Цөөн тохиолдолд төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, зүрх, уушгины дутагдалд хүргэдэг байна. Тиймээс уг халдвараас сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай, гар дээрээс худалдан авахгүй байх, хүүхдүүддээ гар угаах зөв дадлыг эзэмшүүлэх, сургууль, цэцэрлэгүүд эрүүл ахуйн дүрэм, журам баримтлах, ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу сайжруулахыг зөвлөлөө.