Шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас үүдэлтэй сургууль завсардалт манай гаргийн оршин суугчдын бүхэл бүтэн үеийг хамрах өндөр магадлалтай байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш анхаарууллаа. Сурагчдыг сургуульд нь аюулгүй буцаан оруулах нь дэлхий нийтийн гол зорилт болох ёстой аж. Долдугаар сарын дунд үеийн байдлаар 160 улсын нэг тэрбум сурагчийн хичээлийн байр хаалттай байсан бол 40 сая хүүхэд сургуулийн өмнөх боловсролгүй хоцорчээ. Цар тахлаас өмнө 250 сая хүүхэд сурах боломжгүй, хөгжиж буй орнуудын дунд сургуулийн сурагчдын дөрөвний гурав нь суурь боловсрол эзэмшилгүйгээр хичээлийн байраа орхисон аж. “Ковид-19”-ийн вакцин бүтээх, хэрэглэх талаарх олон улсын дүрэм, журмыг баримтлахыг ОХУ-д ДЭМБ уриалжээ. Туршилт нь дууссан хэмээн ОХУ-ын ЭМЯ-наас зарласан вакцин ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, хэрэглэж боох зургаан эмийн жагсаалтад ороогүй аж. “Вакцин ч, эм ч хэрэглэх зөвшөөрөл авахын өмнө зохих туршилтад орох ёстой ” гэж тус байгууллагын төлөөлөгч Кристиан Линдмейер мэдэгджээ.
Австралийн Виктория мужийн эрх баригчид өөрийгөө тусгаарлах дэглэм зөрчсөн этгээдийг 3500 ам.доллароор торгох шийдвэр гаргажээ. Журам зөрчигчийг илрүүлэхийн тулд тус мужийн гудамжуудад 500 цэргийн алба хаагч эргүүл хийж байна. Иргэд хөл хориог эсэргүүцэн хүч хэрэглэсэн олон тохиолдол гарсан тухай цагдаагийнхан мэдээлсний дагуу ийм арга хэмжээ авсан аж. Коронавирусийн хоёр дахь давлагаа Францад намар, эсвэл өвөл болох магадлал өндөр байгааг тус улсын Засгийн газрын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлөөс анхааруулжээ. Британийн нийслэл Лондонд өнгөрсөн сарын 2-ноос энэ сарын 4 хүртэлх хугацаанд нийтийн тээврийн автобусанд амны хаалтгүй явсан 53 900 зорчигчийг илрүүлж, 4888-д нь хариуцлага тооцсон гэнэ.