Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинаа 18,214,000 хүн өвчилж, 695,000 хүн эндсэн бол 11 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
Өвчлөл дөрвөн хоногийн дотор нэг саяар нэмэгдэж, халдварын тархалтын эрч огт буурахгүй байгаа юм.
Сүүлийн 24 цагийн дотор Энэтхэгт 50,000, АНУ-д 47,000, Бразилд 16,000 хүн шинээр халдвар авсан нь өвчлөл хамгийн олон бүртгэгдсэн тохиолдол болж байна.
ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны мэдээлж буйгаар коронавируст халдвар гурван сарын өмнөөс 5 дахин нэмэгдэж, уг өвчний улмаас эндсэн хүний тоо гурав дахин нэмэгдэж, 695,000 болсон. Ийм учраас коронавирусийг хяналтандаа авахын тулд дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд: Дэлхийн улс орнууд халдвартай тэмцэж байгаа туршлагаа бие биетэйгээ хуваалцах, Засгийн газрын үүрэг оролцоо манлайллыг дээшлүүлэх, шинжлэх ухааны нотолгонд суурилсан төлөвлөгөөг хэрэжүүлэх, орон нутаг бүр өөрийн онцлогт тохирсон хариу арга хэмжээний менежментийг бий болгох, сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
ДЭМБ-аас Засгийн газар болон иргэдэд хандан уриалга гаргасан. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн вакцин гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ халдвараас сэргийлэх ид шидийн шийдэл хэзээ ч байхгүйг онцлон анхааруулсан.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5,394 хүн өвчилж, 78 хүн эндсэн бол БНХАУ-д 110 тохиолдол бүртгэгдсэний 6 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Мөн арлын Япон улсад өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа. Тус улсад өчигдөр 694 хүн шинээр өвчилж, хоёр хүн эндсэн байна.
Манай улсын хувьд 119 дугаар 140 иргэн холбогдсон бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэж хэлэв.