ОХУ-ын иргэдэд шинэ төрлийн коронавирусийн вакциныг төлбөргүй хийнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдээллээ. Н.Ф.Гамалейн нэрэмжит Тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн вакцины клиник туршилт амжилттай болж, сайн дурынхны 100 хувьд нь дархлаа тогтсон учраас ийм шийдвэр гаргажээ. Эл вакциныг 20 гаруй улс авахаар сонирхож байгаа бөгөөд үйлдвэрлэхэд нь таван орон оролцохоор төлөвлөж буй гэнэ.
ДЭМБ цар тахалтай холбоотой олон улсын онцгой байдлын дэглэмийг гурван сараар сунгажээ. Зуун жилд нэг удаа тохиолддог хямрал болох энэ удаагийн цар тахлын уршиг ирэх 10 жилийн турш мэдрэгдэх гэнэ. Хэрэглэгчийнхээ явсан газрыг тодорхойлох аппликэйшнийг гар утсандаа суулгахыг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо иргэддээ санал болгож байна. Эл аппликэйшнийг утсандаа суулгахыг албадахгүй. Гэсэн ч хэрэглэгч нь халдвар авсан тохиолдолд түүний байсан газар болгоныг тодруулахад тус болох учир тэрбээр утсандаа суулгахыг иргэддээ зөвлөж буй гэнэ. Одоогоор уг аппликэйшнийг хүн ам хамгийн шигүү суурьшсан Онтарио мужийн оршин суугчид татах боломжтой бөгөөд цаашдаа бусад мужид боломж нээгдэх аж.