Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн хэмжээнд 17,111,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 671,000 хүн эндсэн бол 10.9 сая хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.
Цар тахал эхэлж байх үед буюу эхний гурван сард нэг сая хүн халдвар авч байсан бол сүүлийн үед дөрөв хоногт нэг сая хүн шинээр халдвар авав. Сүүлийн 24 цагийн дотор 253000 иргэн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа.
Манай улсын хувьд өчигдөр 283 хүн шинээр орж ажиглалтад, 139 хүн гарч, одоогоор 2,395 тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 64 хүн эмчлүүлж байгаагийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт байгаа.
Сүүлийн 24 цагт 119 дугаар 176 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаад орнуудаас 15 иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авлаа. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 11 иргэн холбогдсон байна" гэв.