Зуны улиралд цөөнгүй хүний ургамлын харшил сэдэрдэг. Эл өвчнийг хэрхэн анагаах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн их эмч Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Ургамлын харшил яагаад үүсдэг вэ?
-Ургамал цэцэглэх үед тоос, тоосонцор нь ихэвчлэн агаарт дэгддэг. Түүгээр амьсгалахад бие махбод гаднын биет гэж үзэн, хэт мэдрэг хүлээн авдаг. Тухайн хүний дархлааны эсүүд урьд нь мэдэрч байгаагүй гаднын биетийн эсрэг хариу урвал үзүүлэн, амьсгалын замын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар харшил үүсдэг байх нь. Хүний дархлааны системийн өөрчлөлтөөс үүдэн харшлын шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, нус гоожих, хамар битүүрэх, нүд улайж, загатнах, бие зарайх, ханиалгах, найтаалгах зэрэг шинж тэмдэг илэрнэ. ДЭМБ-ын судалгаанд дэлхий нийтэд 400 сая хүн харшлын шалтгаант хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй гэсэн дүн бий.
-Дээрх шинж тэмдэг илэрсэн ч тоодоггүй хүн цөөнгүй. Эмчилгээ хийлгэхгүй бол ямар эрсдэлтэй вэ?
-Ургамлын тоос, тоосонцор амьсгалын доод замын гуурсан хоолой, салст бүрхүүлүүдэд нөлөөлж, хэт мэдрэмтгий болгодог. Харшлын улмаас хамрын салст хөөж, хавагнан, эмгэг шүүрэл үүсгэх уршигтай. Үүнээс шалтгаалан өвчтөн зовуурилж эхэлдэг. Өвчин хүндэрвэл хамрын дайвар хөндийн үрэвсэл, цаашлаад гуурсан хоолойн багтраа үүсэх эрсдэлтэй. Дэлхий даяар гуурсан хоолойн багтраа гэх оноштой 300 сая орчим хүн бий. Үүний дотор харшлын гаралтай багтраа өвчинтэй хүн зонхилж байна.
-Харшлыг намдаах үр дүнтэй арга бий юү?
-Иргэдийн дунд голио, царцааны бэлдмэл хэрэглэвэл харшил нам дарна гэх ойлголт бий. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл. Жишээлбэл, ургамлын харшилтай хүн дээрх аргаар эмчилгээ хийвэл, өвчин сэдрэх магадлал өндөр. Түүнчлэн дур мэдэж эмчилбэл эрүүл мэндээрээ хохирох аюултай. Харшил юунаас ч үүсэж болно. Тиймээс юунаас харшилдгаа мэдсэний дараа эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй юм. Хүн бүрийн харшлын шалтгаан нь өөр. Иймээс уух эм, эмчилгээний арга нь адилгүй. Өвчин хүндэрч, эм уусан ч намдахгүй бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай эмчилгээ хийлгэх нь чухал. Харшлын шинж тэмдэг илэрсэн хамар, хоолойн хэсэгт цацлага шүршиж, хэрэглэх нь үр дүнтэй аргын нэг.
-Ургамлын харшил бүрэн эдгэдэг үү?
-Энэ өвчин бүрэн эдгэдэггүй. Харин харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэж болно. Иргэд харшил хөдлөхөөс өмнө хэт мэдрэгшлийг бууруулах эмчилгээ хийлгэсэн бол гэнэт сэдрэхээс сэргийлдэг.
-Ургамлын харшилтай хүн ямар дэглэм баримтлах хэрэгтэй вэ?
-Харшилдаг ургамал нь цэцэглэсэн үед аль болох гадуур гарахаас зайлсхийх шаардлагатай. Хэрэв гадагш гарах бол эмээ тогтмол ууж, амны хаалт заавал зүүгээрэй. Гадуур өмсөж явсан хувцсаа үүдэндээ тайлж, харшил үүсгэгчийг гэр дотроо тарааж болохгүй. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийснээр тоосонцрыг устгана. Хашаанд нь хөл газрын ургамал ургадаг бол түүнийг гэр бүлийнхнээрээ тайруулаарай.
-“Амны хаалт удаан зүүснээс болж эрүү, нүүрэн дээр идээт үрэвсэл гарч байна” гэж цөөнгүй хүн ярих боллоо. Энэ нь ямар шалтгаантай юм бол?
-Амны хаалтыг зориулалтын материалаар хийсэн, эсэхээс шалтгаална. Удаан хугацаанд зүүсэн амны хаалтын материал сэмэрч, утас нь хамар луу орсноор ханиалгаж, найтаадаг. Тогтмол сольж хэрэглээгүйгээс үүдэн бохирдлыг шүүхээ больж, эсрэгээрээ халдвар тээгч болно. Энэ үед арьсны нүх сүв бөглөрч, тослогийн хэмжээ ихсэн эрүү, нүүрэн дээр идээт үрэвсэл гардаг. Амны хаалт зүүчихээд байн байн хөдөлгөх нь хэсэг газарт байсан нянг өөр тийш зөөх нөхцөл бүрдүүлдэг учраас идээт үрэвсэл ихэснэ. Тиймээс нэг удаагийн амны хаалтыг тогтмол солих, даавуун материалтайг нь сайн угааж хэрэглэхийг зөвлөе.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг