Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар тусгаарлах байрны хоолны чанарыг шалгаж эхэлжээ. Зочид буудал, амралтын газарт байрласан иргэдээс “Тос ихтэй, чанар муутай хоол өгч байна” гэх гомдол цөөнгүй ирэх болсон гэнэ. Энэ сарын 22-нд тусгай үүргийн нислэгээр ирж, “Тоёоко инн” зочид буудалд байрласан 331 иргэний хоолыг тус дүүргийн 66 дугаар цэцэрлэгт бэлтгэн нийлүүлж буй. Тэдний хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар хянажээ. Хоногт авбал зохих шимт бодис, аминдэм, эрдсийг тодорхойлохоор дээж авч, НМХГ-ын лабораторид шинжлэхэд насанд хүрсэн хүний хоолны илчлэгт тохирч байв. Мөн “Сэнтий” зочид буудалд тусгаарласан 84 иргэний хоол, хүнсийг бэлтгэн нийлүүлэх “Хангалуун трейд” ХХК-ийн үйл ажиллагааг шалгасан аж. Хоолны чанар, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ, үйлчилгээг, мөн энгийн болон аюултай хог хаягдлыг хэрхэн ангилж буйг хянаж, зөвлөгөө өгчээ. Хоногт авах хоолны илчлэгийг тодорхойлохоор дээж авч шинжлүүлсэн бөгөөд шалгалтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх гэнэ.