Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог тус намын залуус өнгөрсөн сарын сүүлчээр байгуулсан. Тэдний зүгээс АН-ын даргын сунгааг наймдугаар сарын 1-нээс өмнө зарлаж, яаралтай зохион байгуулах шаардлагыг дотоод сонгуулийн хороондоо хүргүүлжээ. Уг шаардлагад “Үндсэн дүрмийн 3.10.1.4-т зааснаар АН-ын даргын сонгуулийг наймдугаар сарын 1-ний өдрөөс хойшлуулахгүйгээр зарлаж, нэн яаралтай зохион байгуулах, энэ сонгуулийн зардлын тооцоог гаргаж, нэр дэвшигчдэд хүргүүлэх, сурталчилгаа эхлэх, дуусах, санал авах өдрийг шинэчлэн тогтоох...” гэж дурдсан байна.
Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хорооноос энэ сарын 17-нд ийн шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй аж. Ташрамд дурдахад, тус намын даргын сонгуульд 10 гаруй хүн нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд буй юм.
Мөн “Нэгдсэн ардчилал” хөдөлгөөнөөс өчигдөр АН-ын ҮБХ-ны гишүүдэд хандан уриалга гаргалаа. Үүнд “Үндэсний бодлогын хорооны хуралдааныг танхимд хийж, Монгол Улсад алхам тутамд тулгарч байгаа хүний эрхийн зөрчил, нэг намын хэт давамгайлал, ардчилалд тулгарч буй бодит бэрхшээл, сорилтууд, намын дотоод шинэчлэлийг эрчимжүүлэх талаар хэлэлцэх шаардлага үүсээд байна. Тиймээс ирэх сарын 2-нд уг хуралдааныг товлохыг уриалж байна” гэжээ. Тус хуралдаанаар орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангуулах, Улсын онцгой комиссын ажлыг хянах, дэмжлэг үзүүлэх, Засгийн газарт шаардлага хүргүүлэх, намын санхүүгийн тайланг сонсож, хэлэлцэх нь зүйтэйг тус хөдөлгөөнийхөн онцолжээ.
Дараа нь Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тушаал гаргаж, Үндэсний бодлогын хороог наймдугаар сарын 3-нд хуралдуулахаар болов. Үүгээр намын их хурлын товыг хэлэлцэх аж.
Бэлтгэсэн: Б.Нандин