Дэлхийн II дайн дууссанаас хойш болсон цэргийн томоохон мөргөлдөөнүүдийн нэг болох Солонгосын дайн 70 жилийн өмнө 1950 оны зургадугаар сарын эцсээр эхэлжээ. Байлдааны эл ажиллагаа гурван жил гаруй үргэлж, нэг сая гаруй хүн амиа алдсан гэдэг. Өнөө болтол эл мөргөлдөөн эцэслэн шийдэгдээгүй, гал түр зогсоосон байдалтай буй. 1950-1953 оны дайны үеийг Солонгосын түүхийн хамгийн их судлагдсан хэсэг гэдэг ч энэ нь мөн л хамгийн их эргэлзээтэй. Солонгосын дайнтай холбоотой үйл явдал нь түүхийн хэмжүүрээр бол шинэ түүх хэмээн Сөүл дэх Кунмин их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Федор Тертицкий бичжээ.
КОЛОНИЧЛОЛООС ЧӨЛӨӨЛӨГДСӨН НЬ
Солонгос нь 1910-1945 онд Японы колони байсан учраас хувь заяа нь тус улсаас бүхэлдээ хамааралтай байв. 1943 онд баталсан, Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын Каирын тунхагт зааснаар Япон ялагдвал Солонгос тусгаар тогтнох ёстой. Японтой хийж буй дайнд ЗХУ-ыг оролцохыг И.Сталинаас Т.Рузвельт, У.Черчилль нар 1945 онд хүсжээ. Энэ нь Японы нөлөөний бүсэд ЗХУ орж болно гэсэн үг хэмээн И.Сталин зөвшөөрсөн аж. Японы хотуудад атомын бөмбөг хаясан болон ЗСБНХУ 1945 оны наймдугаар сарын 9-нд дайнд оролцсон баримт Токиог бууж өгөхөд хүргэжээ. Мөн сард Америкийн хоёр хурандаад Солонгосыг хоёр бүсэд хуваах төлөвлөгөө яаралтай боловсруулах үүрэг өгсөн байна. Ийм хэлэлцээргүйгээр Солонгосын хойг бүхэлдээ ЗСБНХУ-ынх болно хэмээн АНУ болгоомжилжээ. Хурандаа нар 38 дугаар зэргэдээр хуваахаар шийджээ. Ингэвэл колони улсын засаг захиргааны төв Сөүл Америкийн, өмнөд хэсэгт багтахаар байв. Эл санаа удирдлагад таалагдаж, хожим нь ийн хуваахыг Кремль ч зөвшөөрсөн аж.
Умард Солонгосыг Манжуурын партизан асан, Улаан армийн ар талд 1942-1945 онд ахмад цолтой алба хааж байсан Ким Ир Сенээр удирдуулах шийдвэрийг 1945 оны арванхоёрдугаар сард И.Сталин гаргажээ. Ахмад Кимийг улсын удирдагч болохыг Зөвлөлтийн цэргийнхэн идэвхтэй дэмжсэн байна. Зарим мэдээллээс үзвэл түүнийг Дотоод хэргийн ардын комиссар Лаврентий Берия ч дэмжжээ. Төрийн эрхэнд гармагцаа Ким Ир Сен ЗХУ-аас зэвсэгт хүчинтэй болох, зэвсэг, техникийн болон бие бүрэлдэхүүнийг нь сургах тусламж авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Энэ нь шинэ удирдагчид хэчнээн чухал болохыг Солонгосын ардын арми БНАСАУ байгуулагдахаас хэдэн сарын өмнө бий болсон нь нотолсон юм.
ДАЙНЫ БЭЛТГЭЛ
Солонгосын дайныг хоёр хүн санаачилжээ. Нэг нь Ким Ир Сен. Тэрбээр Солонгосыг бүхэлд нь мэдэлдээ авахыг хүссэн аж. Хоёр дахь нь Өмнөд Солонгосын коммунистуудын удирдагч Пак Хон Ён. Улс орныг хуваасан нь түүнийг Сөүл дэх баазаас холдуулсан юм. Хойгоо нэгтгэх нь байр сууриа бэхжүүлэх, хувьсгалт нөхдийнхөө өрсөлдөөнт тэмцэлд төөрөлдөхгүй байх боломж түүнд олгох байв. 1949 оны наймдугаар сараас Ким болон Пак Зөвлөлтийн Элчин сайд Терентий Штыковыг талдаа оруулахыг найдан ЭСЯ-ыг лоббидох болжээ. Эхлээд эргэлзэж байсан ч Элчин сайд төлөвлөгөөг дэмжив.
И.Сталин эхлээд Өмнөд рүү халдах гэсэн аливаа оролдлогыг эрс хориглож байлаа. Гэсэн ч хэсэг хугацааны дараа тэрбээр байр сууриа өөрчилжээ. Үүнд Хятадын коммунистуудын амжилт нөлөөлсөн аж. 1949 онд Мао Зэдуны арми Бүгд Найрамдах Хятад Улсын цэргийг бут ниргэж, аравдугаар сард нь БНХАУ байгуулагдсаныг тэрбээр тунхагласан байна. Зөвлөлт, Америкийн анги нэгтгэлүүд Солонгосоос 1948 онд гарсан ч Умард нь Зөвлөлтийн цэргийн тусламж авч, Өмнөд нь болзошгүй халдлагын өмнө хүчин мөхөс байв. 1950 оны нэгдүгээр сард И.Сталин Кимд цахилгаан мэдээ дамжуулж, саналыг нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Дараагийн саруудад нь ЗСБНХУ болон БНХАУ Умард Солонгост нийлүүлдэг зэвсэг, техникийн хэмжээгээ идэвхтэй өргөжүүлж, Зөвлөлтийн зөвлөхүүд байлдааны ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан аж. Улмаар 1950 оны зургадугаар сарын 25-ны ням гарагт довтлохоор Ким Ир Сен товложээ.
04.00 ЦАГ
“Олон амь хороохын тулд дайныг үүрээр эхлүүлсэн”.
Алдартай дууны эл мөр мөн л зургадугаар сарын ням гаргийн шөнө эхэлсэн Солонгосын дайны байдалд бүрэн нийцдэг аж. Ерөнхийлөгч И Сын Ман халдлагад өртөнө чинээ санаагүй учир урьдын адил амралтын өдрүүдэд загасчлахаар явжээ. Өмнөд Солонгосын цэргүүд түүнийг хайж олоход хэдэн цаг зарцуулсан гэнэ.
Айгаад байх зүйл болохгүй, дээрэмчин коммунистуудыг удахгүй бут цохино хэмээн Өмнөд Солонгос эхлээд мэдэгдэж байв. Дайснаа дутуу үнэлсэн нь өмнөдийнхөнд үнэтэй тусжээ. Солонгосын ардын арми Сөүл рүү эрчимтэй давшиж, нийслэлээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа удалгүй эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Тус хотоор урсдаг голын гүүрүүдийг яаран дэлбэлжээ. Нэг гүүрийг дэлбэлсэн хурандаа тэсрэх бөмбөгний товчлуур дарахдаа хүмүүс зорчиж буй, эсэхийг шалгаагүйгээс 800 хүний амь бүрэлгэж, Өмнөд Солонгосын хоёр дивизийн ухрах замыг хаасан байдаг.
Байлдааны ажиллагаа БНАСАУ-ын төлөвлөсний дагуу өрнөж байсан ч АНУ оролцох нь тодорхой болмогц Пёньяны удирдагчдын бодол өөрчлөгдсөн аж. БНАСАУ-ыг түрэмгийлэл үйлдсэн болохыг НҮБ-ын бүтцүүдийг бойкотлох Зөвлөлтийн аргыг ашиглан Вашингтон Аюулгүйн зөвлөлөөр хүлээн зөвшөөрүүлсэн тогтоол гаргуулснаар АНУ түрэмгийлэгчтэй тэмцэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийн далбаан доор эвсэл байгуулан Умард Солонгосыг бөмбөгдсөн байна.
Энэ хооронд Сөүлийг эзлэхдээ умард солонгосчууд Өмнөд Солонгосын засаг захиргааны цэргийн төлөвлөгөөг өөрийн болгожээ. Коммунистуудын эсрэг тэмцдэг И Сын Ман Умард руу халдан довтлохоор төлөвлөж байсныг уг баримт бичигт нотолсон байна. Үүнийг үндэслэн дайныг өдөөгч нь Өмнөд болохыг харуулсан нийтлэлүүд гаргах зааврыг БНАСАУ-д И.Сталин өгчээ. Цаашдаа дайны эхлэлийн тухай БНАСАУ-ын албаны эх сурвалжууд эдгээр нийтлэлд суурилсан байна. Америкийн импералистууд, тэдний өмнөд солонгос утсан хүүхэлдэйнүүд дайныг эхлүүлсэн хэмээн Пёньянд өгүүлдэг.
Үүний сацуу Солонгосын ардын арми өмнөд рүү давшилтаа үргэлжлүүлсээр байв. Тэжон хотын төлөөх тулалдаанд Умард Солонгосын цэрэг Америкийн армийн тэргүүн анги, нэгтгэлтэй байлджээ. Тулалдаан Солонгосын ардын армийн ялалтаар дуусаж, Америкийн командлагч, генерал Дин олзлогдов. Гэвч наймдугаар сар гэхэд БНАСАУ Солонгосийн хойгийн 90 хувийг хяналтдаа авсан ч Пёньяны богино хугацааны ялалт үр дүнд хүрээгүй аж.
ДАЙНЫ БАЙДАЛ ХААШАА Ч ЭРГЭЖ БОЛЗОШГҮЙ
1950 оны есдүгээр сарын дундуур аянга цахиж, АНУ Сөүлийн тойрогт десантын цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, хоёр долоо хоногийн дараа нийслэлийн эзэлжээ. БНАСАУ-ын удирдлага Зөвлөлт болон Хятадаас цэргийн бүрэн дэмжлэг хүссэнд ч И.Сталин ЗХУ, АНУ хоорондын шууд мөргөлдөөнөөс зайлсхийхийг хичээсэн байна. Харин иргэний дайнаас дөнгөж ангижирсан Мао Зэдун удаан эргэлзсэнийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай дэмжив. Харин Ардын төв Засгийн газрын орлогч дарга Гао Ган, түүнийг дэмждэг түшмэд нь Маог ятгаснаар Хятадын цэрэг Солонгосын хойгийн нутаг дэвсгэрийг зорив.
Албан ёсны нэршлээр “Хятадын ардын сайн дурынхны” байлдах чадвар онцгой сайн байжээ. 1951 оны нэгдүгээр сарын 4-нд Хятадын цэрэг Сөүл рүү оров. Энэ удаа оршин суугчдыг амжилттай нүүлгэн шилжүүлсэн байлаа. Солонгос бүхэлдээ коммунистуудын хяналтад орж болзошгүй байгаад өмнөд солонгосчууд түгшиж. Тиймээс Өмнөдийн эвсэл Жэжү аралд Өмнөд Солонгосын цөллөгийн Засгийн газар байгуулах гэсэн нь ундны усны хомсдолын улмаас төлөвлөгөө нь хүндрэлтэй болжээ.
Баримтуудаас үзвэл, Хятад улс Өмнөд Солонгосыг бүхэлд нь эзлэх зорилго тавиагүй аж. Үүний сацуу дайныг Умард эхлүүлсэн, олон мянган хятад цэрэг бүтэлгүй төлөвлөгөөнийх нь золиос болж буй учраас Ким Ир Сенд Хятадын армийн командлагч Пэн Дэхуай дургүй байсан гэнэ. Нэг удаа Кимийг Пэний төв байранд очиход нь саатуулж байсан баримт бий. Холбоотнуудын ийм харилцаанаас үзвэл Хятадын командлал өмнөд рүү цэргүүдээ золиослон давшихыг нэг их эрмэлздэггүй байсанд гайхах явдалгүй юм.
УТГАГҮЙ ХОЁР ЖИЛ
1951 оны дундуур байлдааны ажиллагаа мухардмал байдалд орох нь илэрхий болжээ. Өмнөдийн эвслийн цэрэг Сөүлийг чөлөөлөөд цааш давших гэсэн боловч Хятадын армийн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Ким Ир Сен хятадуудаар Сөүлийг эзлүүлэх гэсэн ч Бээжин хөдөлсөнгүй. Удалгүй найрамдах хэлэлцээ эхэлжээ. Хил, цэргийн олзлогдогсод, Солонгос дахь гадаадын цэргийн оролцооны асуудал хэлэлцээний гол заалт болов. Хамгийн гол асуудал болох олзныхноос болоод хэлэлцээ, улмаар дайн дахин хоёр жил үргэлжилжээ.
Энэ хугацаанд АНУ-ын Агаарын цэргийн хүчин Умард Солонгосыг бөмбөгдөх өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж, галт бөмбөг хэрэглэсэн нь энгийн иргэд олноороо амиа алдаж, ихэнх том хот нь үнсэн товрог болсон (Дайны дараа БНАСАУ Хятад, Зөвлөлтийн хөрөнгө оруулалтаар голдуу хотуудаа дахин босгожээ) байна. Энэ хооронд хэлэлцээг Москва болон Сөүл чимээгүйхэн саатуулсаар байв. И.Сталин америкчуудыг Солонгост удаан байлгахыг, И Сын Ман дайныг бүрэн ялах хүртэл үргэлжлүүлэхийг хүсжээ. Эцэст нь, 1953 оны гуравдугаар сард И.Сталин таалал төгссөний дараа талууд тохиролцоонд хүрэв. Албадан гаргахыг хүсэхгүй байгаа хүмүүсийг суллахаар И Сын Ман шийдвэрлэж, үүнийг хэлэлцээ бүтэлгүйтэхэд хүргэнэ хэмээн найдаж гаргасан аж. Гэтэл энэ нь харин ч эсрэгээрээ байлдааны ажиллагааг дуусгахад саад болсон бэрхшээлийг арилгаж, түр эвлэрэх гэрээнд талууд 1953 оны долдугаар сарын 27-нд гарын үсэг зуржээ.
Үүнийг Умард Солонгост эх орноо чөлөөлөх дайнд ялсан өдөр болгон тэмдэглэдэг. И Сын Ман, Ким Ир Сен нарын халааг авсан удирдагч нар Умард, Өмнөд Солонгосын анхны эрх баригчид шиг дайнч бус, дахин гал нээх тухай асуудал хөндсөнгүй. Солонгосын хойгоос улс төрийн ээлжит хямрал болсон тухай мэдээлэл байнга гардаг ч БНАСАУ ч, БНСУ ч өдгөө шинэ дайн дэгдээхийг эрмэлздэггүй. Хэдийн 67 жил үргэлжилсэн түр гал зогсоох гэрээ гайхалтай баттай баримт бичиг болжээ.