Хууль бус цагаачлалтай тэмцэх, цагаачлалын бодлогыг зохицуулах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр Европын Холбооны орнууд бэлтгэж байна. Уг асуудлыг хариуцсан шинэ байгууллага Австрийн нийслэл Венад байрлах нь. Зуны амралтын дараа шинэ хууль батлах аж. Гэхдээ цагаачлалын хямралд хандах хандлагаа Европын орнууд эргэн авч үзэх гэсэн оролдлого тэдний урьд нь хүлээсэн үүргээсээ татгалзахад хүргэхгүй. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Герман 83 цагаач хүлээн авчээ. Тэд дүрвэгсдийн тоо нь хэт олширсон Грек дэх хуарангаас авахаар зөвшөөрсөн 1000 орчим хүний нэг хэсэг аж.
Хүний багтаамж нь хэт ихэссэн орнууд дахь дүрвэгсдийг Европын Холбооны бусад түнш улс руу хуваарилах хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд хүлээсэн үүргээ Герман тийнхүү биелүүлж эхэлсэн юм. Тус улсын Касселийн нисэх буудлаас цагаачдыг суулгасан автобусууд янз бүрийн бүс нутгийг зорьжээ. Тэднээс тухайлбал, Сирийн долоон гишүүнтэй гэр бүлд Берлинд орон сууц, тэтгэмж олгох аж. Грекийн Эгийн тэнгис дэх арлын багтаамж нь хэтэрсэн хуарангаас нүүсэн тэдэнд тайвшрах боломж олгохын тулд сэтгүүлчидтэй уулзуулаагүй байна.
“Хэв журам, хүмүүнлэг ёс цагаачлалын бодлогын бүрэлдэхүүн хэсэг. Европын цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Европын Холбоотой хил залгаа орших орнууд эв санаа нэг байх зайлшгүй шаардлагатай” гэж ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер тайлбарлажээ. Наймдугаар сарыг дуустал Герман улс Грекээс Африк, Ойрхи Дорнодын 928 цагаач хүлээж авах юм.
Касселд онгоц газардсан нь цар тахал дэгдсэнээс хойш Европын харилцаа зарим талаар хэвийн болж байгаагийн нотолгоо. Цагаачлалын хямрал сүүлийн зургаан жилийн турш Европын удирдагчдын төвд байсан бөгөөд цар тахлаас өмнө Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар энэ сэдвийг хөндөхгүй өнгөрч байсан удаагүй юм. Байлдаж буй орнуудын дүрвэгч, Африк, Ойрхи Дорнодын ядуу, буурай бүс нутгийн цагаачдыг нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрөх замыг хаавал өндөр хэмжээний нөхөн төлбөр олгож, иргэдийг нь визгүй зорчуулна гэж европчууд Анкараг ятгасан 2016 онд байдал бага зэрэг хөнгөрсөн байна. Гэвч өнгөрсөн гуравдугаар сараас байдал дахин хурцаджээ. Турк Европын Холбоог үүргээ биелүүлээгүй, нөхөн төлбөр өгөөгүйд буруутган, улсад нь байгаа 3.7 сая дүрвэгчид тус холбоо руу нэвтрэх замыг нээхээр сүрдүүлсэн юм.
Гэвч удалгүй хэвлэлд гардаг, Туркийн Грек, Болгартай залгаа хилийн застав руу дайрч буй дүрвэгсдийн зураг коронавирусийн халдвар авсан хүмүүсийг хүлээн авч буй эмнэлгүүдийн зургаар солигджээ. Газар дундын тэнгис, Балканы хойг зэрэг цагаачлалын уламжлалт замаар зорчигчдын тоо буурсан хэдий ч уг асуудал хэвээр үлдс э н аж.
Нэгдүгээрт, хууль бус цагаачдын цуваа буурсан болохоос тасраагүй. Хоёрдугаарт, багтаамж нь хэтэрсэн нийтийн байр, хуаран, дуулгавартай дүрвэгсдийн байдал цар тахалтай холбоотойгоор хүндэрч, халдварын голомт болжээ. Гуравдугаарт, хөл хорионы хатуу дэглэм, хүн хооронд зай барих боломжгүй нөхцөлд цагаач, дүрвэгсэд ядуурал, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч буйд Европын орнуудын хүний эрхийг хамгаалагчид сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэх болов.
Европын орнууд цагаачдын асуудалд анхаарлаа хандуулбал Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр хууль бусаар цагаачлахтай тэмцэх шинэ хөтөлбөртэй болохыг Австрийн Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгдсэн юм. Тэрбээр Европын Холбооны Дотоод хэргийн сайд нартай хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр ийн хэлжээ.