Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн.
Бид лабораторийн хөндлөнгийн хяналтад хамрагддаг бөгөөд COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний явцдаа хяналт хийлгэж байгаа. Хонг Конгоос эерэг, сөрөг нь мэдэгдэхгүй 16 сорьц ирсэн. Бид шинжлээд хариуг нь илгээнэ. Ингээд хяналтын лаборатори бидний хариуг тулгаж үзээд хариу өгнө. Ер нь томуу бусад халдварт өвчнийг илрүүлэх явцдаа байнга гаднаас хяналт авдаг. Австрали, Японы лабораториуд хөндлөнгийн хяналт хийж явдаг" гэж хэлэв.