Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн хэмжээнд 16,416,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 655,000 хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрээд байна.
24 цагийн дотор 254,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ.
Зарим судалгааны үр дүнгээс танилцуулъя, Австралийн эрдэмтэд нэг удаагийн амны хаалт бол коронавируст халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй болохыг тогтоосноо мэдээллээ.
Иракын эрдэмтэн судлаачид коронавируст халдварын талаар мэдээллийг цахим орчинд их цагийг өнгөрүүлэх сэтгэл зүйн эмгэгт хүргэж байна гэж үзэж байгаагаа мэдээлсэн.
БНХАУ-ын Вэнзөү хотын Өвчний хяналтын төвийн судлаачид коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн түвшин 2-3 сарын дараанаас багасаж байгааг тогтоожээ.
Сүүлийн 24 цагт 119 дугаарт 165 дуудлага ирсэн. Солонгос улсаас гурван иргэн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авлаа. Манай иргэд амны хаалтаа зүүх дадлаа байнга хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.