Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков коронавирусын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн долдугаар сарын 30-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлах тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ тухай Киргизийн удирдагчийн хэвлэлийн албанаас даваа гарагт /2020.07.27/ мэдээлэв. “Амиа алдсан хүмүүсийг гүнээ гашуудаж, тэдний гэр бүл, ойр дорнынхонд гүн эмгэнэл илэрхийлэн тогтоох нь: коронавирусын цар тахлын хохирогч болсон иргэдийн дурсгалыг хүндэтгэн 2020 оны 7-р сарын 30-ны өдөр Киргиз улсад үндэсний гашуудлын өдөр болгон зарлахаар шийдвэрлэв" гэж хэвлэлийн албаны төлөөлөгч тогтоолоос иш татжээ. Мөн тус баримт бичигт гашуудлын өдөр шаардлагатай арга хэмжээнүүдийг Киргизийн нутаг дэвсгэр болон гадаадад байгаа дипломат болон консулын газруудын барилга дээрх төрийн далбааг буулгахыг үүрэг болгосныг тэмдэглэжээ. Түүнчлэн улс орны соёлын байгууллагууд, телевиз, радио компаниуд гашуудлын өдөр үзвэр үйлчилгээ, цэнгээнт хөтөлбөрүүдийг цуцлахыг зөвлөсөн байна. Одоогийн байдлаар Киргиз улсад COVID-19 халдвар авсан нийт хүмүүсийн тоо 33296 хүрч, 1301 хүн нас баржээ.